УИХ-ын даргыг сонгогчдын нэгдсэн цуглаанд оролцохыг хүсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРИргэний хөдөлгөөн, ТББ-уудын нэгдэн байгуулсан “Эвлэн мандуулах хүч” /ЭМХ/ холбооноос маргааш Тусгаар тогтнолын талбайд цуглаан зохион байгуулах болсноо мэдэгдлээ.
Түмнээ нэгтгэнэ, төрөө цэвэрлэнэ, улсаа мандуулна гэх уриан дор байгуулсан уг холбоонд “Гал үндэстэн”, “Шинэ аравт”, ”Нүүдэлчин түмний холбоо”, “Босоо хөх Монгол”, “Бие даагч иргэдийн холбоо”, “Монгол тэнгэр үнэн”, “Монгол язгуур ухаан эрдмийн хүрээлэн”, “Монгол тулгатан”, “Ноён уулаа аваръя” ТББ, “Аравтын төлөө” сонин зэрэг 9 иргэний хөдөлгөөн нэгдэж, тэргүүнээр нь Ц.Мөнхбаярыг томилжээ.
Тус холбооноос ЭМХ-ийн бодлого боловсруулах, УИХ, Засгийн газарт хариуцлага тооцох, ЭМХ-ийг олон түмэнд таниулах, Бие даан нэр дэвшигчдийг тодруулах, эх байгаль, газар шорооны эсрэг эрх мэдэлтэн албан тушаалтнуудын хууль зөрчсөн шударга бус үйл ажиллагааг хууль хяналтын байгууллагад хандан шалгуулж, үнэн зөвийг тодруулах зэрэг 5 ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж.
УИХ, Засгийн газарт хариуцлага тооцох ажлын хэсэг төрийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх зорилготой УИХ-д дүн тавих сонгогчдын нэгдсэн цуглааныг маргааш зохион байгуулах болсон байна. Мөн энэ цуглаандаа ирж оролцох хүсэлтийг УИХ-ын дарга З.Энхболдод тус холбооноос хүргүүлж, өнөөдөр албан бичиг өгчээ.
Н.Гантуяа