Монгол Улсын иргэд Индонез улсад аялал, жуулчлалын зорилгоор визгүй зорчдог боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-03-23 12:35:58

Монгол-Индонезийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Индонез улсад аялал жуулчлалын зорилгоор очих Монгол иргэд энэ сарын 22 буюу өчигдрөөс эхлэн визгүй зорчиж эхэллээ.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Элчин сайдын яам 2014 онд байгуулагдсан цагаас эхлэн тус улсад визгүй зорчих орнуудын тоонд Монгол Улсыг багтаах чиглэлээр идэвхтэй ажиллаж иржээ. 2015 онд болсон Монгол, Индонезийн Засгийн газар хоорондын комиссын Анхдугаар хуралдааны үеэр энэхүү асуудлыг судлахаар тохиролцсоны дагуу Бүгд Найрамдах Индонез Улсын Засгийн газар гадаадын жуулчдын тоог нэмэх, тэдний зорчих нөхцлийг хөнгөвчлөх зорилгоор тус улсад визгүй зорчих орнуудын дотор Монгол Улсыг оруулсан байна.

Монгол Улсын иргэд Индонезид зорчихдоо тус улсын хилийн хянан шалгах цэгүүдэд хүчин төгөлдөр паспорт, 30 хоногийн дотор буцах тийз болон зочид буудлын захиалгыг баталгаажуулсан хуудас үзүүлэх шаардлагатай юм байна. Харин бизнес болон хэвлэл мэдээллийн шугамаар Индонез руу зорчих тохиолдолд виз авах шаардлагатай болохыг тус улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Н.Туяа

Связанные новости