Катрин Бушер: Аллиерийн гудамжийг Арвайхээр хотод байгуулан тохижуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг Франц Улсын Аллиер мужийн АПАУ нийгэмлэгтэй хамтын ажиллагаа тогтоогоод 18 жил болж байна. Тус нийгэмлэгийн шинэ ерөнхийлөгч Катрин Бушер /Catherine Bouchere/ тэргүүтэй ажлын бүрэлдэхүүн энэ долоо хоногт Өвөрхангай аймагт ажиллаж байгаа юм. Түүнтэй уулзаж, хамтын ажиллагааны үр дүн, цаашдын төлөвлөгөөний талаар ярилцлаа.
-Та
бүхний энэ удаагийн айлчлал ямар зорилго, чиглэлтэй байна вэ?
- -Бид 6 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Бариа засалч, сэтгэл зүйч, сувилагч, хөдөлгөөн заслын багш, биеийн тамир, спортын багш гэх мэт мэргэжлийн хүмүүс яваа. Миний хувьд АПАУ нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлснээс хойш анхны томилолт, харин нийгэмлэгийн хувьд 2019 он гарсаар Монголд ирсэн хоёр дахь томилолт юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд болон тэдний эцэг эх, асран хамгаалагчдад хөдөлгөөн засал, бариа засал зааж сургах, өсвөр насны хүүхдүүдэд зөв хооллолт, дасгал хөдөлгөөн зэрэг эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой ажиллаж байна. Сахар, давсны хэрэглээг багасгах, хүнсний ногоо, жимсийг түлхүү хэрэглэх, хоол хүнсээр дамжуулж эрүүл мэнддээ анхаарах чиглэлээр мэдлэг, мэдээлэл өгч байгаа.
- -Өвөрхангай аймаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийтлэг дүр төрх ямар түвшинд харагдаж байна вэ?
- - Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг анхаарах тал дээр Өвөрхангай аймаг сүүлийн жилүүдэд сайн ажиллаж байгаа. Бид
хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асаргаа, халамжийн талаарх төслөө 5-6 жилийн
өмнө эхлүүлж байсан. Тэр үед тэднийг зөвхөн ар гэрт нь
найдаад орхичихсон, нийгэмшээгүй, засаг захиргаанаас анхаарал халамж муутай
байдаг байсан. Гэвч жил бүр ахиц гарч, аймгийн төвдөө тусгай цэцэрлэг байгуулан
мэргэжилтэн багш нарыг сургаж ажиллуулж байгаа нь надад их таалагдлаа. Бусад
аймагт ч байхгүй, жишиг ажил болсон юм билээ. Багш, ажилчид нь их сэтгэлтэй,
юм хийх эрмэлзлэлтэй санагдсан. Бид хөдөөгүүр
нэлээн ажилладаг. Уянга, Баян-Өндөр суманд 2-3 жил ажилласан. Богдод
бас ажиллаж байсан. Хөдөөгийн нөхцөлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг
аав, ээж нь л асарч хамгаалдаг юм билээ.
-АПАУ
нийгэмлэг нь хэзээнээс Өвөрхангай аймагтай харилцан ажиллаж ирэв.
Өнгөрсөн хугацаанд хийсэн томоохон ажлуудаас онцлохгүй юу?
- АПАУ нийгэмлэгийг анх 2000 онд байгуулсан, төрийн бус статустай нийгэмлэг. Орчуулбал Аллиер-Өвөрхангайн нийгэмлэг гэсэн утгатай. Аллиер мужийн эмч Даниел Девин, ДМД-Монгол ХХК-ийн захирал З.Дэмид, Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн захирал асан Р.Дуламсүрэн нар анх санаачилж, тус нийгэмлэгийг 20-оод жилийн өмнө байгуулсан юм.
Эхний ээлжинд эрүүл мэндийн чиглэлээр хамтарч, эмч, сувилагчид харилцан туршлага солилцож, нарийн мэргэжлийн эмч нар эмчилгээ, оношилгооны олон аргыг нэвтрүүлсэн. "Сувилахуйн төсөл" оюутны хамтарсан дадлага хийж байлаа, Хамтын ажиллагааны дунд үеэс хөдөө аж ахуй, соёл, боловсролын төслүүдийг хэрэгжүүлж, Өвөрхангай аймгийн соёлын өдрүүдийг Франц Улсад зохион байгуулах, Францын хөдөө аж ахуйн сургуулийн оюутнууд Өвөрхангай аймагт ажиллаж, малчдад Олон улсын нэр төрөл бүхий бяслаг хийх аргыг зааж өгөх зэргээр ажиллаж байна. Мөн өрхийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр хүлэмжид нарийн ногоо тарих сургалтуудыг Өвөрхангайд явуулсан. Сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, өсвөр насныханд хандсан төслүүдийг хэрэгжүүлж байна.
Анх Аллиер, Өвөрхангай гэсэн хоёр аймгийн хэмжээнд ажилладаг байсан бол үйл ажиллагаагаа өргөжүүлж, Улсын 1 дүгээр төрөх эмнэлэгтэй харилцаа тогтоож, эмчилгээ сувилахуйн чиглэлээр олон хүн сургаж бэлдсэн. Мөн АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийг Аллиер мужийн нийгмийн ажилтан сувилагч бэлтгэдэг сургуультай холбож өгснөөр тэд одоо тэд биеэ дагаад харилцан ажилладаг боллоо.
- -Магадгүй,
та Өвөрхангайд ажиллах хугацаандаа өмнө хийсэн төсөл хөтөлбөрүүдийн
хэрэгжилтэд дүгнэлт өгч байгаа байх.
- Тэгэлгүй яахав. Хоёр тал 20-оод жил хамтран ажиллаж байгаа учраас үнэлэлт, дүгнэлт өгөх зайлшгүй шаардлага бий. Эхний төслүүд олон хүний оролцоотой, маш их идэвхтэй хэрэгжиж байсан. Голдуу Франц талаас төлөөлөгчид томилолтоор ирж ажилладаг, Өвөрхангайчууд ч төсөл хөтөлбөрт ач холбогдол өгдөг байлаа.
Сүүлийн жилүүдэд байдал харьцангүй өөрчлөгдөж ирсэн. Биднийг анх ирж байх үеийг бодвол одоо Монголчуудын амьжиргааны түвшин сайжирсан байна. Бидний ажилладаг байсан бүх салбарын хүмүүс маань ур чадвар, мэргэжил, мэдлэгээр ч, техник, тоног төхөөрөмжөөр ч сайжирсан. Тийм болохоор бид олон салбар руу өргөн бүрэлдэхүүнээр ирж ажиллах нь багасч байгаа. Цаашид цөөн, тодорхой төслийг чанартай хэрэгжүүлэх бодлого барьж ажиллана.
Бүх салбарт чин сэтгэлээсээ ажиллах зорилготой хүмүүс байна. Тэр хүмүүсийг олж дэмжээд тэдэнд тулгуурлаж ажиллавал аль аль талдаа үр дүнтэй болно. Аливаа төсөл хэрэгжүүлэхэд санхүүжилт, дэмжлэгийг сайн дурын хүнд өгчихдөг, эргээд үр дүн муутай байх тохиолдол Өвөрхангай төдийгүй бусад аймагт ч харагдаж байна.
- Тодорхой санаа эсвэл төлөвлөгөө байгаа болов уу?
- Цаашид гурван зүйлд төвлөрч ажиллах зорилготой байгаа. АПАУ нийгэмлэг анхнаасаа эмнэлэг, эрүүл мэндийн салбарт ажиллаж ирсэн болохоор эмэгтэйчүүд, эх барих чиглэлээр Клиникийн нэгдүгээр амаржих газар болон Өвөрхангай аймгийн ЭМГ, БОЭТ-тэй хамтарч ажиллана.
Мөн аймгийн удирдлагуудтай харилцан санал нийлсний дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асарч сувилах, эрүүл зөв хооллолт чиглэлээр болон хоёр аймгийн хооронд соёл урлагийн харилцааг сайжруулахад анхаарч ажиллана.
Ер нь бол санаанууд бий. Урьд жилүүдэд Монгол талаас нэлээн олон мэргэжлийн хүн Аллиерт очсон. Өвөрхангай аймгаас ихэвчлэн аймгийн болон байгууллагын дарга нар туршлага судлах маягаар очиж байсан. Тэгвэл цаашид салбар бүрээс газар дээрээ гардан ажиллаж байгаа, хөгжих, мэргэших хүсэл эрмэлзлэлтэй хүмүүсийг Францад хүлээн авч, сурч мэдэх бололцоогоор хангах бодлогыг барьж ажиллана.
- Аймгийн
удирдлагуудтай уулзалт хийсэн. Энэ үеэр юу ярилцав. Ямар нэг шийдэлд хүрэв үү?
-Аймгийн удирдлагуудтай уулзсан ажил үр
дүнтэй болсон. Нийгэмлэгийнхээ шинэ тэргүүн болсны хувьд шинэлэг арга барилаар
ажиллах хүсэлтэй байгаа. Тиймээс Өвөрхангай аймгийн удирдлагуудтай ч шинэлэг
маягаар ажиллах тохиролцоонд хүрсэн.
Аймгийн дарга нар Франц талаас нэлээн хүлээлттэй байдаг байсан санагдлаа. АПАУ бол жижигхэн төрийн бус байгууллага. Ихэнхдээ сайн дурын хүмүүс орж ажилладаг. Аллиер мужийн Ерөнхий зөвлөл буюу орон нутгийн захиргаа маань бидний үйл ажиллагааг санхүүжүүлдэг. Энэ тухай аймгийн удирдлагуудад сайн ойлгуулсан гэж бодож байна.
Хоёрт Аллиерийн гудамжийг Арвайхээр хотод байгуулан тохижуулахаар боллоо. Өртөг өндөртэй том төсөл учраас манай АПАУ нийгэмлэг дангаараа хариуцаж чадахгүй. Тиймээс Аллиерийн төр төлөөлсөн байгууллага Ерөнхий зөвлөлийнхөн 9 дүгээр сард ирж хариуцан ажиллах юм.
-Нийгэмлэгийг
анх байгуулсан Даниел Дэвинийг энд дурдахгүй байхын аргагүй байх. Монголд их
элэгтэй хүн шиг санагдсан шүү?
- -Даниел 20 жилийн өмнө Монголд төслийн ажлаар анх ирээд энэ улсын төлөө би өөрийнхөө мэддэг, чаддаг юмыг хийх юмсан гэдэг байсан. Тэгээд энэ нийгэмлэгийг үндэслээд бид бүгдийг уриалан дуудаж ажиллаж эхэлсэн. Тэр хүн байгаагүй бол манай төсөл өдий хүртэл ингэж явахгүй байсан болов уу.
Түүний бие сүүлийн жилүүдэд тааруу байгаа. Эрүүл мэндийн шалтгаанаас болоод төслийн ажилд оролцоо нь багасч, улмаар ажлаа өгсөн. Гэхдээ Хүндэт ерөнхийлөгч гэсэн үүргээр байнгын харилцаа холбоотой байж, зааж зөвлөж байгаа. Түүний Өвөрхангай аймгийн удирдлагуудтай хамтарч ажиллаж байсан арав гаруй жилийн туршлага, мэдлэг, чадвар нь бидэнд их нэмэр болдог шүү. “Миний өвчнөө эсэргүүцэж байгаа чадал тэнхээ маань Монголоос ирдэг эрч хүч байх” гэж ярьдаг юм.
- -Ярилцсанд баярлалаа.