Л.Болд гишүүн Багахангай дүүрэгт ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар Багахангай дүүргийн иргэдтэй өнгөрсөн лхагва гаригт уулзалт хийлээ.
Чуулган завсарласан байгаа энэ үед Л.Болд гишүүн Хан-Уул дүүргийн бүх хороодоор явж иргэдтэй уулзаж, сонирхсон асуултад хариулт өгсөн бол одоо Багахангай дүүрэгт хоёр дахь өдрөө ажиллаж байна. Багахангай дүүргийн ИТХ-ын дарга, хэлтсийн дарга нар дүүрэгт хийж буй ажлаа гишүүдэд танилцуулахын зэрэгцээ тулгарч буй хүндрэл бэрхшээлээ танилцуулж байв. Тухайлбал, Багахангай дүүргийн ус хатуулаг ихтэй учраас ундны усыг цэвэршүүлэн хэрэглэхээр зэхэж байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар найман тэрбум төгрөгийн өртөг бүхий цэвэршүүлэх байгууламж, усан сангийн ажил урагштай 80 хувьтай яваа боловч санхүүгийн дутагдлаас болоод бүрэн ашиглалтад орж чадахгүй байгааг дуулгав. Багахангай бол хотын алслагдсан дүүрэг. Гэсэн хэдий ч Улаанбаатар хотын дүүргүүдтэй ижил газрын суурь үнэлгээ тогтоогддогоос болоод аж ахуйн нэгжүүд Багахангай дүүрэгт тэр болгон орж ирэхэд төсөв өндөр тусдаг. Зэргэлдээ Төв аймгийн нутаг дэвсгэрт газрын суурь үнэлгээ орон нутаг гэсэн статусаар бага байдаг учраас аж ахуйн нэгжүүд Багахангайг биш Төв аймгийн нутаг дэвсгэрийг сонгож байрладаг.
Нийслэлийн Өмчийн харилцааны газар газрынхаа суурь үнэлгээг эргэн харах цаг хэдийнэ болсон гэв. Багахангай дүүргийн нутаг дэвсгэр бол Улаанбаатар-Замын-Үүд, Улаанбаатар-Багануур чиглэлийн төмөр зам, улсын чанартай босоо тэнхлэгийн авто зам тус тус дайран өнгөрдөг. ОХУ, Хятад хоёр хөрш, улс хоорондын зорчигч, ачаа тээврийн авто болон төмөр замын зангилаа, уулзвар газар.
Тэр утгаараа төвлөрсөн үйлдвэр хэд хэдээрээ баригдвал Багахангай улам хөгжих боломжтой тухай иргэд ярьж байна. Багахангайд хувийн санхүүжилтээр боссон хаягдал маслыг дахин ашиглаж дизель үйлдвэрлэдэг “Ахуй мандал” дахиварын үйлдвэрийн үйл ажиллагаа хэдийнээ жигдэрчээ. Бодлогын түвшинд анхнаас нь Ц.Оюунгэрэл, Л.Болд нар дэмжиж ирсэн бөгөөд тэдний боловсруулсан Хог хаягдлын тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж яваа. Гишүүд хууль санаачилж, бодлого болгон хэрэгжүүлэх гэж байгаа үед Багахангайд дахин боловсруулах үйлдвэр баригдсан байв.
Тойрогтоо ажиллаж буй УИХ-ын хоёр гишүүн дахиварын үйлдвэртэй танилцсаны дараа иргэдтэй нээлттэй уулзалт хийж, УИХ-ын чуулганаар батлагдсан гол хуулиудын талаар танилцуулга хийв.