БНКазУ-ын парламентын сонгуульд “Нур-Отан” нам ялалт байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2016-03-25 13:38:34

БНКазУ-ын намуудын жагсаалтын дагуу сонгогдох парламентын ээлжит бус сонгууль энэ сарын 20-нд болсон талаар өнөөдөр тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Кобландин мэдээлэл хийв.

БНКазУ-ын парламент нийт 107 гишүүнтэй бөгөөд үүний 98-ийг нь намын жагсаалтаар сонгодог байна. Харин үлдсэн 9 гишүүнийг Казахстаны ард түмний Ассемблейгаас сонгодог аж.

БНКазУ нь 17 сая хүн амтай бөгөөд үүнээс сонгуулийн насны 9.8 сая иргэн байдаг аж.Ээлжит бус сонгуульд нийт 6 нам өрсөлдсөн бөгөөд сонгуулийн насны иргэдийн 77.1 хувь буюу 7,5 сая иргэн идэвхитэй оролцжээ.

БНКазУ-ын парламентад дараах 3 нам олонхийн санал авчээ. Тухайлбал, “Нур-Отан” нам нийт сонгогчдын 82.2 хувь, “Ак жол” Казахстаны ардчилсан нам 7.18 хувь, Казахстаны коммунист ардын нам 7,14 хувийн санал авчээ.

Ингэснээр “Нур-Отан” нам 84 мандат авсан бол “Ак жоль” болон Казахстаны коммунист ардын нам тус бүр 7 мандаттай болжээ.

Харин Казахстаны ард түмний Ассемблейгээс Парламентын гишүүнээр Сауытбек Абдрахманулы Абдрахманов, Владимир Карпович Божко, Наталья Васильевна Жумадилдаева, Роман Укенович Ким, Наринэ Гамлетовна Микаелян, Ахмет Сейдарахманович Муратов, Шаймардан Усаинович Нурумов, Юрий Евгениевич Тимощенко, Шакир Хусаинович Хахазов нарыг сонгосон байна.

Сонгуулийн үер Монгол Улсад оршин суугаа казахстаны иргэдийн саналыг авах зорилгоор Элчин сайдын яам болон Эрдэнэт хотод сонгуулийн хороо байгуулжээ. Дээрх хоёр хороонд нийт 113 иргэн буюу Монгол Улсад суугаа казахстан иргэд 100 хувийн идэвхтэй оролцсон гэдгийг Элчин сайд мэдээлэлдээ дурьдав.

Тэрбээр, “БНКазУ-ын парламентын сонгуулийн үйл явцыг хянах зорилгоор 817 олон улсын ажиглагч мөн 147 гадаадын хэвлэл мэдээллийн төлөөлөгч оролцсон. Ажиглагчдын зүгээс энэ удаагийн сонгууль олон улсын стандартад нийцсэн, нээлттэй, шудрага явагдсан хэмээн үнэлсэн. Сонгуульд нийт иргэдийн 77.1 хувь нь оролцсон нь тэдний улс төрийн идэвх өндөр түвшинд байгааг харуулж байна.

Манай зүгээс Монгол Улсыг сонгуулийн ажиглагчаар оролцохыг урьсан. Гэвч тун удахгүй Монголын УИХ-ын сонгууль болох гэж байгаа тул очиж чадаагүй. Харин Монгол Улсын сонгуульд манай улсыг ажиглагчаар оролцохыг урьсан тохиолдолд бид дуртай хүлээж авах болно. Урилга ирнэ гэдэгт итгэж байна” хэмээв.

Ч.Ариунболд

Связанные новости