Сүхбаатар аймгийг хот төлөвлөлтийн тойргийн системтэй анхны аймаг болсон гэж онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2016-03-26 12:49:34

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Сүхбаатар аймагт хийсэн албан томилолт тус аймгийн Засаг даргын Тамгын газарт аймгийн удирдлага, хэлтэс, агентлагийн дарга нар болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзсан уулзалтаар эхэллээ.

Уулзалтад Аж үйлдвэрийн сайд  Д.Эрдэнэбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь аймгийнхаа нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцууллаа. 2015 оны байдлаар тус аймаг 17 мянган өрхтэй, 60 гаруй мянган хүн амтай, эдийн засгийн бааз суурийг мал аж ахуйн салбар бүрдүүлж байна. Цаашид аймгийн хөгжлийнхөө гол чиглэлийг хөдөө аж ахуйг бэхжүүлэх, боловсруулах үйлдвэр байгуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, уул уурхайн олборлолт, транзит тээвэр хэмээн тодорхойлж байгаагаа Засаг дарга Ж.Батсуурь онцоллоо. Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гадна хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг аймаг орон нутагтаа татаж, бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлж чадсан талаараа ярилаа. Газар зохион байгуулалт, нүүлгэн шилжүүлэлтийг амжилттай хийж, хот төлөвлөлтийн тойргийн системтэй анхны аймаг болсон гэдгийг ч тодотгосон юм. 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дан ганц төсвийн хөрөнгө оруулалтыг хүлээлгүйгээр хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч, хөрөнгө оруулалтыг татаж чадсан энэ жишгийг бусад аймгууд хэрэгжүүлэх хэрэгтэй. Боломж, бололцоогоо дайчлаад ажиллавал орон нутагт бүтээн байгуулалт өрнүүлж чадаж буйг Сүхбаатар аймагт харуулж байна гэж онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Связанные новости