Н.Алтанхуяг: Монголд хуйвалдааны төр хүчирхэгжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-04-04 14:00:59

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар өнөөдөр Төрийн ордонд мэдэгдэл хийв.

Мэдэгдлийн эхэнд тэрбээр Монгол төрийн үйл ажиллагаа хэвийн эсэх, УИХ бие даасан шийдвэр гаргаж байгаа эсэх болон үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нөхцөл байдал зэргийг УИХ-ын Хавар, намрын чуулганаар хаалттай хэлэлцэх санал өмнө нь гаргасан ч хүлээж аваагүйг онцлов. Тиймээс хаалттай чуулганаар хэлэх байсан зүйлээ нээлттэй мэдэгдэх шаардлагатай болж, өнөөдрийн мэдээллийг хийхээр шийдсэн гэлээ.

Тэрбээр, Монголын төрд хэрэг зохиож, хүний хувь тавилангаар тоглодог хуйвалдааны бүлэглэл бий болсон. Монгол Улсад шударга ёсны хямрал нүүрлэсэн байна гэв. Мөн “Монгол төр хүчгүйдэж, сульдаж байгаа мэт харагдуулж, цаад талд нь хуйвалдааны төр улам бүр хүчирхэгжиж байна. Эх орноо гэсэн сэтгэлгүй, ханаж цадахаа мэддэггүй, төрийн эрх мэдлийг хувийнхаа явцуу зорилгодоо увайгүй ашиглаж, монгол хүн Монголдоо сайхан амьдрах хүслийг нухчин дарж, Засгийн газраа огцруулж, төрөө хутган үймүүлж, баялаг бүтээгчдээ айлган дарамталж байна. Хуйвалдааны төр Ардчилсан намын нэр хүндэд зориудаар халдаж, хийсэн бүтээсэн бүхнийг үгүйсгэн харлуулах ажлыг зориуд санаатайгаар хийж байна. Энэ хуйвалдааны төр бүлэглэл үүсгэж, хууль хяналтыг бохир зорилгодоо ашиглан, цөөхөн хүн бүхий "хонгилыг" үүсгэсэн. Зарим нь энд барьцаалагдсан байгаа. Тэд таалагдаагүй, барьцаалагдаагүй, золиослох шаардлагатай хүмүүсээ тэр "хонгилоороо" ямар ч шударга ёсны хэмжүүргүй, зохиомол хэрэг үүсгэн ялтан болгож чадаж байна. Мөн ашиглах гэсэн зарим хүмүүсийнхээ шийдвэр гаргах эрхийг сүрдүүлэн барьцаалж байна. Хуйвалдагчид Монгол Улсын тусгаар тогтнол, халдашгүй байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээний аюул занал бий болгож, хүссэн шийдвэрээ гаргаж байна. Тэд Шинэчлэлийн Засгийн газрыг хуйвалдан огцруулж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан. Иргэдийг өрөөр айлгаж, зохиомол дуулиан шуугиан гаргаж, өөр хооронд нь хуваан талцуулж, эмх замбараагүй байдал үүсгэж байна. Монгол Улсыг хувааж эзэмшихээр санаархаж байгааг зогсоох цаг болсон” гэв.

Түүнчлэн “Энэ бүх хуйвалдааныг удирдан зохион байгуулж байгаа хүмүүсийн нэгийг нэр цохох зайлшгүй шаардлагатай боллоо. Энэ хүнийг хэн ч нэр цохож чаддаггүй, хэлмэгдэхээс айдаг. Гэхдээ би улсынхаа эрх ашгийн төлөө хэлэх нь зүйтэй гэж үзлээ. Энэ хүн бол “Шударга байцгаая” гэж гарч ирсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Түүнтэй үгсэн хуйвалдагсад нь төрөөс төрсөн тэрбумтнууд. Энэ мэдэгдэл миний амь нас, ойр дотныхонд маань аюултай ч надад айх зүйл алга. Өөртэй нь үгсэн хуйвалддаггүй, бүлэглэлд нь ордоггүй учраас над руу ирж байсан асар их гүтгэлэг, доромжлол өнөөдрөөс улам идэвхжих нь гарцаагүй. Ардчиллыг хамгаалах цаг болсон. Шударга ёсны төлөө тэмцэлд уриалж байна” гэж мэдэгдсэн юм.

Н.Гантуяа 

Гэрэл зургийг Б.Чадраабал 

 

 

Связанные новости