Хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-06 11:12:36

Энэ сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 316 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс зам тээврийн ослын 208 дуудлага бүртгэгджээ.

Мэдээн дундаас зам тээврийн осолд цөөнгүй хүн өртсөн нь анхаарал татна. Есөн хүн хүнд хөнгөн гэмтэж, сургуулийн насны дөрвөн хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7-д “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 0-10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэж заасан байдаг хэдийч эцэг эх, асран хамгаалагч нарын хариуцлагагүй байдлаас болж хүүхэд зам тээврийн осолд өртсөөр байна. Ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар улирлын амралт дуусч, хичээл эхэлсэн тул хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Ж.Батсайхан

Связанные новости