ЕАБХАБ-ын төлөөллийг сонгуульд ажиглагчаар оролцохыг урив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРЕвропын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын сонгуулийн урьдчилсан судалгааны багийнхныг өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хүлээн авч уулзжээ.
Уулзалтын эхэнд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Сонгуулийн тухай хуулийн талаар болон байгууллагынхаа эрх, үүрэг, үйл ажиллагаа, сонгуулийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж буй талаар мэдээлэл өгөв.
Олон улсын байгууллагын судалгааны багийнхан өмнөх сонгуульд нягт хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар судалгаа хийхээр ирсэн тухайгаа танилцуулав.
Тэд СЕХ-ны удирдлагаас Сонгуулийн тухай хуульд орсон өөрчлөлтүүд тухайлбал, сонгуулийн байгууллагын эрх, үүрэг, бүтэц, зохион байгуулалтад ямар өөрчлөлт орсон, сонгуулийн байгууллагад ажиллах ажилтныг ямар шалгуураар сонгон авч ажиллуулах, сонгууль болохоос өмнө хуульд өөрчлөлт оруулах боломжтой эсэх, сонгуулийн байгууллагын саналыг хуульд хэрхэн тусгасан, сонгууль зохион байгуулах зардал хангалттай эсэх, хуульд дутмаг зүйл юу байгаа талаар болон сонгуульд техник, хэрэгсэл ашиглах, засвар үйлчилгээг хэн хариуцах, санал тоолох төхөөрөмж ашиглах талаарх улс төрийн намуудын байр суурь, хандлагад өөрчлөлт орсон эсэх, сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийг хэрхэн хянах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гадаадад байгаа монгол иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хэрхэн хангаж байгаа, нэр дэвшигчдийн хэдэн хувь нь эмэгтэй нэр дэвшигч байх ёстой зэрэг талаар асууж хариулт авав.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын урьдчилсан судалгааны баг Монголд байх хугацаандаа төрийн болон төрийн бус байгууллагууд, улс төрийн намууд, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй тус тус уулзаж улмаар тайлан дүгнэлт гаргаж танилцуулна гэдгээ хэллээ.
Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөллийг УИХ болон орон нутгийн сонгууль, мөн ирэх онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар урьсан байна.
Н.Туяа