Баяр наадамд түрүүлсэн харваачдын цол чимгийг нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-04-12 14:03:11

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Л.Эрдэнэчимэг нарын 3 гишүүний өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 100 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Хуулийн төсөлд улсын баяр наадмын үндэсний сурын харваанд гуравдугаар байр эзэлсэн харваачид “Гоц харваач”, хоёрдугаар байр эзэлсэнд “Гарамгай харваач” цол, нэг түрүүлсэн харваачид улсын мэргэн, Улсын мэргэн цолтон түрүүлбэл улсын хошой мэргэн, Хошой мэргэн түрүүлбэл улсын даяар дуурсах мэргэн, Даяар дуурсах мэргэн түрүүлбэл улсын дархан мэргэн цол олгохоор тусгажээ.

Энэ үеэр хэлэлцүүлэгт оролцсон гишүүд саналтай нэгтэй дэмжиж байгаагаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Н.Энхболд харваачдад ийм нэршил бүхий цол чимэг олгодог байсан уламжлал түүхэнд бий эсэхийг лавлаж байсан бол УИХ-ын гишүүн Р.Гончигдорж аймаг сумын наадамд хууль хэрхэн үйлчлэх эсэхийг тодруулж байв.

Хуулийн төслийг парламент баталсан нөхцөлд хууль буцаж үйлчилнэ. Ингэснээр “Дархан мэргэн харваач” дөрөв, "Даяар дуурсах харваач” гурав, “Гарамгай харваач” 20, “Гоц мэргэн харваач” 21 хүн тус бүр нэмж цол авах аж.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Связанные новости