Угаарын хий мэдрэгч яаралтай тараахыг үүрэг болголоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлээс Засгийн газрын 62 дугаар
тогтоолын хүрээнд гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгчийг үнэ төлбөргүй
суурилуулахаар болсон.
Эхний
ээлжинд 50 мянган угаарын хий мэдрэгч ирж байгаа талаар Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн зөвлөгөөнийн
үеэр мэдээллээ. Үүний
дагуу нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан угаарын хий мэдрэгчийг айл
өрхүүдэд яаралтай тараахыг үүрэг болголоо.
Зөвлөгөөнөөр нийслэлийн Цагдаагийн газрын орлогч дарга,
хурандаа К.Нямдаваа мөн мэдээлэл
хийлээ. Тэрээр, “Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх 8 товчоо, дүүрэг,
хороодод давхардсан тоогоор 9117 цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа,
урамшилт эргүүлийн иргэдийн хамтаар ажиллаж нийт 289 зөрчил илрүүлэн 757.4
тонн түүхий нүүрсийг хурааж, мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлээд байна”
гэв.
ТЦА-ны Замын цагдаагийн газрын дарга,цагдаагийн хурандаа Д.Дашдорж, Улаанбаатар хотоос орох, гарах авто замын хөдөлгөөнийг хянаж ажилласнаар түүхий нүүрс тээвэрлэсэн болон тээвэрлэсэн байж болзошгүй нийт 2488 ачааны, суудлын 7241 автомашиныг шалгажээ.
Үүнээс хууль бусаар түүхий
нүүрс тээвэрлэсэн 8, түүхий нүүрс хэрэглэсэн айл, өрх, ААН-ийн зөрчил 1-ийг тус
тус илрүүлэн 25 тн 330 кг түүхий нүүрс хурааж, НМХГ-т шилжүүлжээ. Хураагдсан
нүүрсийг “Амгалан” дулааны станц ХХК-д хүргүүлж, утаа ихтэй
тээврийн хэрэгсэл 132-ыг
илрүүлж АТҮТ рүү
шилжүүлж ажилласан” талаар мэдээллээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн,
нийслэлд өнгөрсөн 11 дүгээр
сарын 18-наас энэ сарын 23 хүртэлх объектын гал түймрийн 206, аврах ажиллагааны
18, нийт 224 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 103 иргэнийг аварч, 3.6
тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан талаар мэдээллээ. Дуудлагын тоог өнгөрсөн оныхтой харьцуулахад ослын тоо
30.4 хувиар буурчээ.