Малчдын 27.4 хувь нь нийгмийн даатгалд хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-12-27 13:55:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жилийн мал тооллогоор малчдын нийгмийн байдалтай холбоотой мэдээллийг мөн цуглуулсан талаар ҮСХ-ноос мэдээллээ.

2019 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр манай улс 285.2 мянган малчинтай байна. Малчдын 8 хувь нь 24 хүртэлх насных, 23 хувь нь 25-34 насных байна. Хамгийн их буюу 30 хувийг 35-44 насны малчид эзэлж байна. Удаалаад 22 хувь нь 45-54 насных, 12 хувь нь 55-64 насны, 5 хувь нь 65 болон түүнээс дээш насны малчид байна.


Нийт малчдын 40 хувь нь зээлтэй байна. Зээл авсан малчдын 33 хувийг 35-44 насны малчид, 22 хувийг 25-34 насных, 25 хувийг 45-54 насны малчид эзэлж байна. Тооллогын явцад гаргасан дүнгээр нийт малчдын 27.4 хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан байна. Нийгмийн даатгалд хамрагдсан малчдын 60 хувь нь 35-54 насных байна.

Нийт малтай өрхийн 73.5 хувь буюу 171.4 мянган өрх жилийн 4 улирал малаа маллаж, амьжиргааны эх үүсвэрээ болгож байна. Малчин өрхийн тоо өмнөх оныхоос 1.7 мянгаар буюу нэг хувиар өсжээ. 

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Связанные новости