Автозамын салбарт ХАБ-ын олон улсын стандарт нэвтрүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Авто замчдын ҮЭ-ийн холбоо “Ололт амжилтын түлхүүр" ХХК-тай хамтран ХАБ-ын олон улсын менежментийн тогтолцоог манай улсын автозамын салбарт нэвтрүүлж буй талаар өнөөдөр мэдээллээ.
Салбарын ҮЭ-ийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв хэлэхдээ, "Бид 2012 оноос Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 45001:2018, чанарын удирдлагын ISO 9001 стандартуудыг автозамын салбарт нэвтрүүлэхээр зорьсон. Мөн ХАБЭА 18001 стандартыг нэвтрүүлэх уриалга гаргаж, автозамын 6 компанид нэвтрүүлээд байна. Энэ стандартыг нэвтрүүлснээр манай улсын замын салбар дэлхийтэй мөр зэрэгцэх, байгууллагын ажилчид хөдөлмөрийн чадавхаа алдахаас сэргийлэх юм” гэв.
Тэрээр, “Монголд ХАБ-ын хууль хангалттай байдаг. Гэвч үйлдвэрлэлийн ослын тоо буурахгүй байна. Сүүлийн 2 жилд автозамын салбарт гарсан үйлдвэрлэлийн ослоор 2 хүн нас барж, 8 хүн хөдөлмөрийн чадвараа алдсан. Ослын шалтгаан нь уналт, нуралт, ажил олгогчдын мэдлэг хандлага, механизмын эвдрэл, тэмдэг, тэмдэглэгээний стандартын зөрчил зэрэг байна. Ажилчид өвөл зун ил задгай ажилладаг учраас янз бүрийн өвчин тусах нь ихэссэн. Мөн авто замын компаниуд ослоо нуун дарагдуулсан тохиолдол гарсан. Тиймээс авто замын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх шаардлагатай юм” гэв.
“Ололт амжилтын түлхүүр ХХК 2014 оноос хойш 20.000 орчим хүнийг ХАБ-ын сургалтад хамруулжээ.
Б.Болд
Гэрэл зургийг Н.Батбаяр