ДЭМБ: Коронавирусний нас баралтын түвшин 2 хувь байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ЖЕНЕВ. /NHK/.
Шинэ төрлийн коронавирусний
халдварын нас баралтын түвшин амьсгалын замын цочмог халтай хам
шинж /SARS/, Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинжийн /MERS/ ижил үзүүлэлтээс харьцангуй бага байна гэж Дэлхийн эрүүл мэндийн
байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдэгджээ.
Т.Гебрейесус Швейцарын
Женев хотод даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Хятадад бүртгэгдсэн коронавирусний
халдварын 44 мянга гаруй тохиолдлыг судалж үзэхэд нас баралтын түвшин нь 2 хувь байна гэжээ. Азийн орнуудад 2003 онд тархсан өөр төрлийн коронавирусээр үүсгэгддэг
“SARS”-ын уг үзүүлэлт 9.6
хувь байсан юм.
"Мөн шинэ төрлийн
коронавирусээр халдварласан хүмүүсийн 80 гаруй хувьд хөнгөн шинж тэмдэг илэрч
байгаа бөгөөд эдгэрэх боломжтой" гэж ДЭМБ-ын тэргүүн мэдэгдсэн байна. Түүний хэлснээр,
өвчтөнүүдийн 14 орчим хувьд уушгины хатгалгаа үүсэх, амьсгал давчдах, 5 хувьд
амьсгалын дутагдалд орох, эрхтнүүд доголдох зэрэг ноцтой шинж тэмдэг илэрч
байгаа ажээ.