МАН ирэх сонгуульд оролцохоо албан ёсоор мэдэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭМАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй тус намын удирдлагууд өнөөдөр 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлэв.
МАН-ын дарга М.Энхболд энэ үеэр, “Монгол Ардын нам 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт энэ сарын 20-ны өдөр өгч хянуулсан. Өчигдөр мөн намынхаа дээд байгууллагаар асуудлыг ярилцаж, эцсийн байдлаар мөрийн хөтөлбөрөө гаргалаа. Тус нам ирэх сонгуульд дангаараа оролцох шийдвэрээ илэрхийлсэн хүсэлтээ болон мөрийн хөтөлбөрөө хуулийн дагуу гардуулж байна. Бидний материалыг хүлээн авч хянан сонгуульд оролцох эрхийг маань хуулийн дагуу олгож өгнө гэдэгт найдаж байна. 2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн сонгуулийг Сонгуулийн тухай болон бусдад хуульд заасны дагуу шударга, сайн зохион байгуулж, улс төрийн хүчнүүдийг, бие даагчдыг адил тэнцүү нөхцөлд өрсөлдүүлэх, үүссэн асуудалд шударгаар хандаж, Монгол төрийг эмхлэн байгуулахад та бүхнийг анхаарал тавин ажиллана гэдэгт МАН найдаж байна” гэв.
Сонгуулийн тухай хуульд "Нам, эвсэл нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, Улсын Их Хурлын сонгуульд оролцох хүсэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ" гэж заасан. Тиймээс МАН өнөөдөр ийнхүү СЕХ-нд сонгуульд оролцохоо илэрхийлж, мөрийн хөтөлбөрөө гардуулав.
Сонгуулийн ерөнхий хороо энэ бямба, ням гаригт ажиллаж, намуудын мөрийн хөтөлбөрийг хянана. Уг ажлын дараа буюу ирэх долоо хоногоос намуудад батламж гардуулах аж.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал