Төв талбайн өмнөд хэсэгт "Хонхтой цэцэрлэгт хүрээлэн" байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-03-31 15:57:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Д.Сүхбаатарын талбайн урд хэсгийн 1.6 га талбайг орчин үеийн шийдэл бүхий цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах ажлыг маргаашаас эхлэн 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр болжээ.

Энэ тухай Нийслэлийн хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбадорж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гэнсэлэм нар өнөөдөр мэдээллээ. 

Төв талбайн урд хэсгийг 2006 онд хувийн компанид эзэмшүүлэд байсныг өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшилд шилжүүлжээ. Хотын засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн газрын бүтээн байгуулалтын талаар ард иргэдээс санал хүсэлт авч, уг бүтээн байгуулалтыг хийхээр болж буйг мэдэгдлээ.

Нийслэлээс талбайн эргэн тойрон олон цэцэрлэгт хүрээлэн, иргэдийн амралт зугаалгын төв байгуулах зураг төслийн уралдаан зарласан. Уралдаанд түрүүлсэн бүтээлээр холбогдох ажлыг хийж эхлүүлэхээр болжээ. 

Тохижуулахдаа ногоон байгууламжийн зориулалтыг өөрчлөхгүй шилжүүлэн суулгах аж. Д.Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнг Засаг даргын захирамжаар нийслэлийн өмчит Хот тохижилтын газар 3.2 тэрбум төгрөгөөр тохижуулах аж. Шинэчилсэн цэцэрлэгт хүрээлэнг "Хонхтой цэцэрлэгт хүрээлэн" гэж нэрлэх юм байна. Цэцэрлэгт хүрээлэн нь хөгжмийн аялгуутай усан оргилуур, дугуйн талбайтай байх аж.


Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу эзэмшиж ашиглаж буй газраа зориулалтын дагуу ашиглаагүй газруудын судалгааг гаргаж буйг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны  Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм дуулгалаа.

Ийм газруудыг чөлөөлж олон нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг хотын Захирагч санаачилж үе шаттайгаар хийж байна. Жишээ нь, Хан-Уул дүүргийн 15-р хороо Богдын цэцэрлэгт хүрээлэнгийн  газрын 57 хувийг хувийн хэвшлийн “Вантрейд” компанийн нэр дээр олгогдоод байсныг цуцалж, Богдын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгуулж байна. Мөн Баянзүрх дүүргийн 4-р хороо ХХЕГ-ын баруун талд байрлах 1.8 га газрыг чөлөөлж иж бүрэн спортын талбай, цэцэрлэгт талбайн ажил эхэлжээ. Чингэлтэй дүүрэгт 2000 шоо дөрвөлжин м газарт, Сонгинохайрхан дүүрэгт Тахилт орчмын газарт 4 га газрыг мөн чөлөөлж цэцэрлэгт хүрээлэн болгохоор ажиллаж байна гэв.



Связанные новости