БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-03-31 18:46:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо Консепсионыг өнөөдөр хүлээн авч уулзан хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон цаг үеийн асуудлаар санал солилцов.


Элчин сайд Р.Делгадо Монгол Улсын Засгийн газар коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж байгааг сайшаагаад дэлхий нийтийг хамарсан эл цар тахлын эсрэг хамтран ажиллахын төлөө байгаагаа нотлов. Тэрээр коронавирусний тархалтыг хязгаарлах талаар Засгийн газрынхаа хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгч, туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Куба улс Итали, Испани, Андорра, Венесуэл болон Латин Америк, Карибын тэнгисийн хөрш орнуудад 850 гаруй эмч, сувилагч илгээсэн байна.


Монгол Улс, БНКУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой 2020 онд тохиож байгаа бөгөөд Куба нь манай улстай дипломат харилцаа тогтоосон Америк тивийн анхны улс юм.

Связанные новости