ДЭМБ: Ихэнх орнууд коронавирусний тархалтын эхний үе шатанд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ-ын мэдээлснээр, коронавирусний цар тахал дэлхий даяар удаан хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд ихэнх орон тархалтын эхний үе шатандаа, өвчлөл эрт бүртгэгдсэн орнуудад халдварын 2, 3 дугаар давалгаа явагдаж байгаа аж.
Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа коронавирусний эсрэг дэлхийн улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өнөөдөр танилцууллаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд хүн амын дунд тархалт өндөр байгаа орнуудад коронавирусний өвчлөл, нас баралт багасах хандлага гарч байна. Гэхдээ АНУ-д гурав, Итали, Герман, Францад нэг, Турк улсад 50 хувиар нэмэгджээ.
Манай бүс нутгийн 22 улсад халдвар бүртгэгдсэнээс Япон, Сингапурт халдварын тохиолдол өссөн хэвээр байна. Баруун Европт тохиолдлын тоо буурах, тогтворжих хандлагатай байгаа бол Африк, Зүүн Европ, Төв болон Өмнөд Америкийн нутагт өсөж байгаа нь анхаарал татаж байна. ДЭМБ-аас “COVID-19” халдварыг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал хэмээн зарласнаас хойш нотолгоонд суурилсан зөвлөмж мэдээллийг улс орнуудад өгсөөр байна. Үүнд, тохиолдлыг эрт илрүүлэх, тусгаарлах, шинжилгээ хийх, эмчлэх, хавьтлуудыг тодорхойлох, тусгаарлах, олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх, оролцоог нь хангах гэсэн үндсэн зургаан арга хэмжээг тууштай хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Эдгээрийг хэрэгжүүлж чадаагүй орнуудад тохиолдлын тоо өссөөр, эндэгдэл гарсаар байх болно.
Мөн ДЭМБ-ын Номхон, далайн баруун бүсийн захирлын хэлснээр, энэ хэцүү цаг үед халдварын тархалтыг зогсооход бидний амьдралын хэв маяг, эрүүл мэндийн хандлага өөрчлөгдөж, цааш тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй болж байна. Вакцин, үр дүнтэй эм гартал энэ үйл явц нь бидний ирээдүйн хэвийн амьдрал байх болно. Энэ нь иргэний хувьд, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хариуцлагыг ухамсарлан гараа сайн угаах, олон нийтийн газар аюулгүйн зай барих арга хэмжээг биелүүлэх гэсэн үг. Хувийн салбарын хувьд, ажиллах шинэ арга барилыг нэвтрүүлэх, гэрээсээ ажиллах зэргээр халдвар тархах эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй болж байна.
Төрийн байгууллагууд гарч болох хамгийн хүнд нөхцөл байдалд бэлдэж, өргөн цар хүрээтэй тархсан үед улс орны өнцөг булан бүрээс тохиолдлыг илрүүлэх, шинээр зохицуулах шаардлага тулгарч байна. Төрийн байгууллагын гүйцэтгэх чухал нэг үүрэг нь нийгмийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сэргээх, хадгалах явдал юм.
Аспирин, ибупрофен, диклофинакс зэрэг үрэвслийн эсрэг эмийн хэрэглээ нь “COVID-19”-ийн өвчтөнүүдэд сөрөг нөлөө үзүүлэхгүй болохыг 73 судалгааны дүн харуулж байна. Мөн ДЭМБ-аас “COVID-19” халдварын нас баралтыг ангилах, гэрчлэх олон улсын удирдамжийг шинээр гаргажээ.