ХӨСҮТ: Франц иргэн 47 хоног эмчлүүлэн бүрэн эдгэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "СОVID 19"-өөр халдварласан франц иргэн 47 хоног эмчлүүлэн бүрэн эдгэрч эмнэлгээс өнөөдөр гарч байна. Түүнийг “Энх саран” сувилалд шилжүүлэхээр болжээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, “Франц иргэн анх биеийн байдал маш хүнд ирээд ХӨСҮТ-д эмчилгээнд орсноос хойш дэлхий биднийг харж байсан. Өнгөрсөн хоёр сар гаруй хугацаанд ДЭМБ-ын зөвлөмжид үндэслэн монгол эмч нар ур чадвараа дайчлан эмчилгээний арга барилыг зөв баримталж ажилласан гэж үзэж байна” хэмээн тэмдэглэв.
ХӨСҮТ-д эмчлүүлж буй өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байгаа аж.
Монгол Улсын хэмжээнд өчигдөр коронавирусний халдварын
сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.
ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн лабораторид 161 хүнд шинжилгээ
хийснээс коронавирус илрээгүй байна. ХӨСҮТ-д
тусгаарлагдан эмчилгээ үйлчилгээ үзүүлж буй 19 эмнэлгийн ажилтан, тандалтын
зорилгоор цуглуулсан 5 сорьцод халдвар илрээгүй. Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн 15 жолоочийн сорьц халдваргүй
гарчээ. Түүнчлэн ажиглах байранд байгаа 130 хүний давтан шинжилгээнээс
коронавирусний халдвар илрээгүй. Үүний дотор ОХУ-аас ирж, Амар зочид буудалд
тусгаарлагдсан 48 оюутан багтаж байгаа юм.