Европт халдварын шинэ тохиолдол багасаж эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-27 13:28:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдварын эсрэг дэлхийн улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа. 


ДЭМБ-ын мэдээлснээр, Европын бүсэд коронавирус халдвар өндөртэй байсан Испани, Франц, Италид эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч болон шинэ тохиолдол, нас баралтын тоо бага зэрэг буурч байна.

Испанид ням гарагт 288 нас баралт шинээр бүртгэгдсэн нь сүүлийн сар гаруйн хугацааны хамгийн бага эндэгдэлтэй өдөр байжээ. Тус улсад өчигдрөөс бараг хоёр сар үргэлжилсэн хатуу хөл хорионы дэглэмийг сулруулж эхэлжээ. Тухайлбал, 14-өөс доош насны хүүхдийг эцэг эхийн хяналтад 09:00-21:00 цагт нэг цаг гадаа тоглохыг зөвшөөрчээ. Ингэхдээ гэрээсээ 1 км-ийн радиус дотор салхилах бөгөөд тоглоомын талбайд тоглох, хоорондоо тоглоомоо солилцохыг хориглосон байна. Мөн хоорондоо 2 метрийн зайтай байх дүрмийг заавал мөрдөх шаардлагатай гэжээ.

Франц улсад ням гарагт коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо буурчээ. Тус улсад 242 нас баралт шинээр бүртгэгдсэний 152 нь эмнэлэгт нас барсан бол үлдсэн хүмүүс нь асрамжийн газар, халамж үйлчилгээний газруудад бүртгэгджээ. Хөл хориог хэрхэн цуцлах талаар энэ мягмар гарагт танилцуулна гэжээ.

Италийн Ерөнхий сайд хөл хорионы дэглэмээ сулруулах төлөвлөгөөгөө танилцуулжээ. Эхний шатанд 5 дугаар сарын 4-нөөс барилга болон үйлдвэрлэлийн салбар, 5 дугаар сарын 18-наас музей, нийтийн номын сан зэрэг соёл, спортын байгууллагууд, үсчин, гоо сайхны салон, велнэсс төвийг 6 дугаар сарын 1-нээс нээнэ гэжээ. Сургуулийг 9 дүгээр сарын 1-н хүртэл нээхгүй.

ХБНГУ-д 1700 гаруй шинэ тохиолдол нэмэгдэж, халдвартай хүний тоо 154 мянга гаруй болжээ. Ням гарагт 140 хүн нас барж, тус улсын нийт нас баралт 5 640 хүрсэн бол 122 мянган хүн эдгэрчээ. Тус улс 3 дугаар сарын 23-наас гэр бүлийн хүмүүс биш тохиолдолд 2-аас дээш хүн цугларах, ойр байхыг хориглосон. Хүний биед хүрэлцэж үйлчилгээ үзүүлэх нийтийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосон юм. Мөн нийтийн эзэмшлийн зам талбайд хүмүүс хоорондоо 1.5 метрийн зайтай байх арга хэмжээг авсан нь тодорхой хэмжээнд үр дүнд хүрсэн гэж үзжээ. Берлинээс бусад холбооны бүх муж улсад өнөөдрөөс нийтийн тээвэр, дэлгүүрээр үйлчлүүлэхдээ эмнэлгийн зориулалтын бус амны хаалт заавал зүүх шаардлагыг хэрэгжүүлж эхэлсэн байна.

Сингапурт 931 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэнээс 15 нь тус улсын иргэн. Бусад нь гадаадын цагаач ажилчдын дундаас гарчээ. Цагаач ажилчдад эмчилгээ үзүүлэх зорилгоор томоохон үзэсгэлэнгийн байр талбайд нэмэлт ор дэлгэж эхэлжээ. Эхний ээлжинд Бангладеш, Энэтхэг ажилчдыг эмчилж эхэлсэн талаар тус улсын ЭМЯ-наас мэдээлсэн байна.

Японд 72 тохиолдол бүртгэгдсэн нь энэ сарын хамгийн бага үзүүлэлт болжээ. Ням гарагийн байдлаар тус улсын нийт тохиолдол 13 231, эндэгдэл 360 болжээ.  Засгийн газраас онцгой байдлын хугацааг 5 дугаар сарын 6-нд дуусгавар болгох эсэхээ хэлэлцэж шийдвэрлэнэ гэжээ.

Связанные новости