Тамхинд ногдох татварын хэмжээг 50 хувиар нэмнэ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив. Хуулийн төслийг өргөн барьсаны дараа тэрбээр мэдээлэл хийсэн юм.
Л.Эрдэнэчимэг, "Дэлхийн хүн амд тулгамдаад байгаа нийгмийн эрүүл мэндийн хамгийн том асуудал бол тамхидалт юм. Тамхидалт нь 6 секунд тутамд нэг хүнийг, насанд хүрэгчдийн 10 хүн тутамд нэгийг, жилдээ 5 сая хүнийг үхэлд хүргэж байна.Тамхины онцгой албан татварыг нэмснээр хүн амын тамхины хэрэглээ буурч, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөл, нас баралтын тоо багасна. Тамхины татварыг хэрхэн нэмэхээс шалтгаалан жилд 1058-3385 хүний амийг аврах боломжтой. Мөн хүүхэд өсвөр үе, залуучуудыг тамхинд донтохоос сэргийлэх, тэдний тамхины хэрэглээг багасгах чухал ач холбогдолтой. Иймд онцгой албан татварын тухай хуулийн 6 болон 7 дугаар зүйлд заасан тамхинд ногдох онцгой албан татварын хэмжээг хэмжих нэгж тус бүрт (100 ширхэг янжуур тамхинд, 1 кг дүнсэн тамхинд ) 2 дахин нэмэхээр шинэчлэн тогтоох хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулаад байна.
Онцгой албан татварын хэмжээг 50 хувь нэмснээр төсвийн орлогод 75 тэрбум төгрөг, 75 хувь нэмэгдүүлснээр 146 тэрбум төгрөг, 100 хувь нэмэгдүүлснээр 183.5 тэрбум төгрөг өмнөх оны татварын орлого дээр нэмэгдэх боломжтой. Манай улсад тамхинаас үүдэлтэй хүн амын өвчлөл, нас баралт өндөр байна. Сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах тохиолдол 2 дахин өсч, нас барсан 3 хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, 5 хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас нас барж байна гэсэн үзүүлэлт гарсан. Манай улсын хүн амын тамхины хэрэглээнд 2013 онд хийсэн судалгаагаар нийт хүн амын 27 хувь, үүнээс эрэгтэйчүүдийн 49 хувь, эмэгтэйчүүдийн 5 хувь нь тамхи татдаг. Тамхины хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх юм" гэлээ.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ