Улаан талбайд Ялалтын 71 жилийн  цэргийн жагсаал ёслол төгөлдөр болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-09 17:31:57

Кремлийн цаг 10.00 цохисноор Москвагийн Улаан талбайн  Ялалтын 71 жилийн ойн цэргийн парад сүр жавхлантай эхлэв. Энэ жилийн  цэргийн парадад 10 мянган цэргийнхэн, 135 байлдааны техник, 70 гаруй онгоц, нисдэг тэрэг оролцов.

Орос улсын хуурай замын явган цэргийн ерөнхий командлагч хурандаа генерал Олег Салюков жагсаалыг удирдаж, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд Ялалтын 71 жилийн ойн цэргийн парад бэлэн болсон тухай илтгэв.    

Улаан талбайд  Ялалтын  Тугийг  Преображенскийн нэрэмжит комендантын  хорооны хүндэт харуул авч явлаа.   

Орос улсын Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу Орос улсын Зэвсгэт хүчний Ерөнхий командлагч,  Ерөнхийлөгч Владимир Путинд Ялалтын 71 жилийн ойд зориулсан  цэргийн парад бэлэн болсныг илтгэв. Ерөнхийлөгч В.Путин, Эх орны дайны ахмад дайчид, Оросын ард түмэн болон баярт уригдан  оролцож буй зочид, төлөөлөгчид цэргийнхэнд Ялалтын 71 жилийн ойн баярын  халуун мэндийг  хүргэж, аугаа их ялалтын төлөө амь биеэ зориулсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэв. 

Үүний дараа Ерөнхийлөгч үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ,  Аугаа их Ялалтын 71 жилийн ойн баярын  мэндийг чин сэтгэлийн угаас дэвшүүлье! Манай ард түмэн хүнд хэцүүг даван  туулж, ялалт байгуулж, Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг хамгаалж чадсан. Дэлхий дахиныг нацизмаас аварсан.  Аугаа их ялалт фронтынхны  үнэлж баршгүй эр зориг, давтагдашгүй баатарлаг гавъяагаар олдсон . Цэргийн жажнуудын өндөр ур чадвар, фронтын ар талын нөр их хөдөлмөрийн аугаа их үнэ цэнээр энэ ялалт ирсэн юм.

Бид  энэ  ялалтыг авчирсан ялагчдын гавъяаг асар ихээр үнэлж байдаг. Залуучуудыг эх оронч хүмүүжил олгоход  тэдний оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй юм” гэж Владимир Путин хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. Үүний дараа Орос улсын төрийн дуулал эгшиглэв.

Шинээр байгуулагдсан Үндэсний гвардийн цэргийн алба хаагчид явж өнгөрөв

ОХУ-ын Батлан хамгаалах яамны хөгжмийн дунд сургуулийн бөмбөрчид Улаан талбайд орж ирлээ, тэдний араас Суворовын, Нахимовын  цэргийн дээд сургуулийн сонсогчид болон Кадетын корпус, Онцгой байдлын яамны ба Холбооны аюулгүй албаны цэргийн сургуулийн  сонсогчид явлаа.

Энэ жилийн цэргийн парадад 2015 онд шинээр байгуулагдсан Агаар-сансрын хүчнийхэн болон Орос улсын ерөнхийлөгчийн зарлигаар саяхан байгуулагдсан Үндэсний гвардийн цэргийн албан хаагчид оролцов.

Агаар-сансрын хүчнийг Жуковский , Гагарины нэрэмжит цэргийн нисэхийн академийн  болон Можайскийн нэрэмжит сансрын цэргийн академийн сонсогчид болон Оросын үндэсний гвардийг төлөөлж  Держинскийн нэрэмжит Дотоодын цэргийн шуурхай дивизийнхэн явж өнгөрөв.  

Энэ жил  Улаан талбайн цэргийн парадад анх удаагаа  цэргийн эмэгтэй албан хаагчид оролцов.  БХЯ -ны цэргийн их сургуулийн болон Хрулевын нэрэмжит материал хангамжийн   академийн  сонсогч бүсгүйчүүд Улаан талбайгаар цав цагаан дүрэмт хувцастай хөл нийлүүлэн  алхаж байгаа нь содон сайхан харагдаж байв.  

Явган цэргийн жагсаал Москвагийн дээд командын цэргийн сургуулийн  Кремлийн сонсогчдын жагсаалаар өндөрлөв.

Шинэ үеийн пуужингууд олны өмнө ил гарав

Улаан талбайд цэргийн хуягт техникууд  гарч ирлээ. Алдарт ”Т-34” танкаар тэргүүлүүлсэн шинэ  үеийн хуягт “Тигр”, “Арбалет”, “Корнет-Д”, БМП-3 болон Т-90 оролцов. Энд  шинэ үеийн өөрөө явагч их бууны “Коалиция-СВ” мөн явлаа.

Улаан талбайд  шинэ үеийн пуужингийн комплекс  “Искандер-М”, агаарын довтолгооноос хамгаалах “БукМ-2”, шинэ үеийн пуужингийн “Тор –М 2у”, “Панцырь”, “Ярс” , пуужингийн “ЗРС С-40 “ болон “Триумф “ явж, цэргийн  техникийн цуваа дугуйт БТР “Бумеранг “явснаар өндөрлөв.

Олон нийтийн өмнө анх удаа Ми-35 онгоц гарч ирэв 

Улаан талбайн Ялалтын баярын цэргийн парадны  бас нэгэн салшгүй хэсэг бол  Орос улсын  цэргийн нисэх хүчнийхний агаарын үзүүлбэр байдаг. Энэ удаа тус улсын 70 гаруй онгоц, нисдэг тэрэг оролцжээ. Агаарын үзүүлбэрт  Орос улсын Агаар-сансрын хүчний Ми-8АМТШ, ачааны Ми-26,мөн Сири улсын цэргийн ажиллагаанд амжилттай оролцсон  Ми-28 /”Шөнийн ангууч”/ , Ка-52/”Аллигатор”/ нисч, анх удаагаа олон нийтийн өмнө Ми-35 гарч ирсэн Улаан талбайн цэргийн парадад бас нэгэн шинэ содон үйл болов. Энэ бол 2015 оноос ОХУ-д үйлдвэрлэх болсон  цэргийн ачаа тээврийн Ил-76МД-90А онгоц юм. Үүний дараа ачаа тээврийн зориулалтын Ан-124-100 /” Руслан”/ нисч өнгөрөв.

Улаан талбай дээгүүр алсын нийслэгийн стратегийн бөмбөгдөгч Ту-95 МС,   Ту -  22 М3 нисч,   стратегийн пуужин тээгч Ту-95 МС онгоц агаарт Ил-78 онгоцноос түлшээ шахаж олныг алмайруулав.

Түүнчлэн Сирийн цэргийн ажиллагаанд оролцсон  байлдааны Су-24, Су-34, Су-25, Су-35 С бүлэглэлийн онгоц оролцов.  Мөн ялалтын баярын үзүүлбэрт  тагнуулын  Миг-31, Миг-29 болон Су-27  бүлэглэлийн агаарын хөлгүүд ч нисч өнгөрөв.     

Агаарын үзүүлбэрийн эцэст Су-25 зургаан онгоц Орос  улсын төрийн далбааг агаарт гурван өнгийн утаагаар дүрсэлсэн. 

Москвагийн Улаан талбайн Ялалтын 71 жилийн ойн баярын цэргийн парад цэргийн найрал хөгжмийн “Бид эх орны Арми , Бид ардын Арми” дууг эгшиглүүлж, “Славян бүсгүйн үдэлтийн “дуугаар талбайг орхин одов. Энэхүү  цэргийн парадыг үзэхээр 5 мянган зочин уригдсаны дотор 2000 нь ахмад дайчид байлаа.

Өнөөдөр ОХУ-д Аугаа их Ялалтын 71 жилийн ойн баярыг өргөн тэмдэглэж байна. Тус улсын  Баатар хотууд  нийлсэн  26 хотод  Ялалтын баярын цэргийн парад болж, нийт  40 мянган цэргийнхэн оролцож байна.  

Орос улсын хот, суурингуудад Ялалтын баярын  71 жилийн ойн баярт зориулсан соёл олон түмний олон зуун арга хэмжээ болж байна.  

Энэ өдрийн үдшийн 22.00 цагт  Москва, Санкт-Петербург болон бусад хотуудад Ялалтын баярт зориулсан буудлага 15 минут үргэлжилнэ.

Москва хот. А.Огторгуймаа   

Связанные новости