Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-05-17 12:23:30

Монгол УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2016.05.17/ Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. 

Уг хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гадаад улс, олон улсын байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцлийн тухай гэрээ юм.

Монгол Улсын хилийн боомтуудын нэвтрэх хүчин чадлыг сайруулах, худалдаа хийх ажиллагааг хялбаршуулах цахим нэг цонхы үйлчилгээг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах  зорилгоор уг төслийг хэрэгжүүлэх юм байна. Төслийн хүрээнд хилийн боомтуудын найдвартай, тогтвортой үйл ажиллагааг хангах үүднээс барилга, байгууламж шинээр барих, засварлах, дэд бүтцийг сайжруулах, эрчим хүчний эх үүсвэрийг шийдвэрлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах зэрэг дэд бүтцийг сайжруулах ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Мөн гаалийн гадаад худалдаанд оролцогч төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын мэдээллийн системийг холбох боломж бүхий цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх суурь портал системийг хөгжүүлэх, боомтуудыг өндөр хурдтай сүлжээнд холбох зэрэг гаалийн үйлчилгээний автоматжуулсан мэдээллийн системийг шинэчлэх, Засгийн газраас хэрэгжүүлж буй мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөрүүд болон гадаад худалдааны цахим нэг цонхны системийн хоорондын уялдааг хангахад дэмжлэг үзүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэх юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Связанные новости