“Саусгоби сэндс”-ийн өрийг “Эрдэнэс Таван толгой”-гоор дамжуулан барагдуулна
МОНГОЛЫН МЭДЭЭЗасгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил мэдээлэл хийлээ.
Тус хуралдаанаар шүүхийн шийдвэрийг үндэслэн “Саусгоби сэндс” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах Сангийн яамны саналыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Шүүхээс улсын төсөвт 35,3 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд “Саусгоби сэндс” компани ногдуулсан нийт төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг 2016, 2017 онд тус бүр 7,5 тэрбум төгрөг төлсөн юм. Харин үлдэгдэл 20,3 тэрбум төгрөгийн өрийг Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн Тавантолгойн уурхайд өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан барагдуулах санал тавьсан байсан. Уг саналыг Засгийн газар хүлээн авч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг “Эрдэнэс Таван толгой” ХК-д даалгахаар шийдвэрлэжээ.
“Саусгоби сэндс” ХХК нь Таван толгойн уурхайд ажиллахад холбогдон гарах тээврийн зардал, цалин хөлс, нийгмийн даатгал, байрлах байр, хоол хүнс, цахилгаан, техник хэрэгслийн засвар үйлчилгээ болон бусад зардлыг бие даан хариуцах бөгөөд “Эрдэнэс Таван толгой” ХК-аас ямар нэгэн нэмэлт зардал гаргуулахгүй байхаар тохиролцсон байна.
Ийм шийдвэр гаргаснаар улс хохирохгүй, шүүхээс ногдуулсан төлбөрийг бүрэн хэмжээгээр авахын зэрэгцээ тухайн компанийн үйл ажиллагааг ч зогсоохгүйгээр өр төлбөрийг эцэслэх боломж бүрдэж байгаа аж.
Мөн Засгийн газрын хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын 2015 оны 108 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Энэхүү хуулийн төсөл нь батлагдвал НӨАТ-ын буцаан олголтыг иргэд улирал тутам буцаан авах боломж бүрдэх юм. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу НӨАТ-ын буцаан олголтыг дараа оны 1 дүгээр сард олгохоор зохицуулсан байгаа. Харин үүнийг улирал тутамд олгож байхаар Засгийн газар төсвийн боломжтой уялдуулан өөрчилж, ийнхүү холбогдох төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна.
2016 оны 1 дүгээр улирлын байдлаар Татварын албаны цахим төлбөрийн системд 31758 аж ахуйн нэгж, иргэн бүртгүүлсэн, үйлчилгээний газруудад 38 сая 310 мянга гаруй баримт хэвлэгдсэн, 15 сая 771 мянга гаруй баримт баталгаажсан үзүүлэлттэй байгаа аж. Нийт 5216 албан татвар төлөгч иргэн, НӨАТ суутган төлөгч аж ахуйн нэгжээс 385 тэрбум төгрөгийн худалдан авалт хийснээс НӨАТ-ын 20 хүртэлх хувийн буцаан олголтоор 5.8 тэрбум төгрөг авах тооцоотой байна.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал