Энэтхэгээс авах 1 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрийн төслийг соёрхон батлуулна
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны 5 дугаар сарын 16-17-нд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэрээ Монгол Улсын нийгэм-эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх болон тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэхэд зориулан 1 тэрбум ам.долларын зээл олгоход бэлэн байгаагаа мэдэгдсэн. Монгол Улсын Засгийн газар БНЭУ-ын Экспорт-Импорт банкнаас олгох зээлийн хэлэлцээрийг Энэтхэгийн талтай зөвшилцөөд ерөнхий нөхцөлийг 20 хүртэлх жилийн хугацаатай, жилийн 1.75 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс 5 жил чөлөөлөгдөхөөр тохиролцсон байна. Мөн нэмэлт нөхцөл буюу дэд бүтцийн 200 сая ам.доллараас дээш, стратегийн ач холбогдол бүхий 100 сая ам.доллараас дээш өртөгтэй төслийн нөхцөлийг 25 жилийн хугацаатай, 1.75 хувийн хүүтэй, зээлийн үндсэн төлбөрөөс 7 жил чөлөөлөгдөхөөр тохиролцжээ.
БНЭУ-аас 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээхээр болсонтой холбогдуулан уг эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг сонгон санал боловсруулах ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдан ажиллаж байгаа юм.
Дархлаажуулалтын аянг эрчимжүүлнэ
Мөн Засгийн газрын хуралдаанд Улаан бурхан өвчний байдал, түүний тархалтыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг хариуцагч бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатар танилцууллаа. Өмнөх 7 хоногтой харьцуулахад уг өвчний тархалт саарах хандлагатай байгаа ба Засгийн газраас зохих хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэснээр улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг эхлүүлж 5 дугаар сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд 624000 хүн хамрагдахаас 139538 хүн хамрагдаж, хамралт 22.4 хувьтай байна.
Энэ ажилд тусгайлан бэлтгэгдсэн 1200 эмч, 350 сувилагч оролцож байгаагийн зэрэгцээ АШУҮС-ийн 550 оюутан, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс эмч нарыг татан ажиллуулж байгаа юм байна. Нэмэлт дархлаажуулалтын эрчийг бууруулахгүй ажиллахыг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Дэлхийгээр тархсан монголчуудаа дэмжинэ
Засгийн газраас баталсан “Дэлхийн Монголчууд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн сайд бөгөөд тус хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Зөвлөлийн дарга Л.Пүрэвсүрэнд даалгалаа. Төлөвлөгөө батлагдсанаар хилийн чанад дахь Монгол иргэд, иргэний байгууллагуудын нэгдсэн мэдээллийн сан бий болж, гадаадад ажиллаж, амьдарч байгаад эх орондоо буцаж ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоо бүрдэж, гадаадын иргэншилтэй болсон Монгол иргэдийн Монгол Улсад зорчих, оршин суух, бизнес эрхлэх нөхцөлийг хөнгөвчлөх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх тодорхой ажлуудыг хийх юм.
ТОВЧ МЭДЭЭ:
- Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг баталлаа. Бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.
- Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотноо 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр гарын үсэг зурсан “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.
- Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
- 2016 оны 1 дүгээр улиралд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.