Монгол Улсын шүүх энэ оны гуравдугаар улиралд 61 мянга орчим хэрэг шийдвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-10-13 13:37:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын шүүх энэ оны гуравдугаар улиралд 61 мянга 104 хэрэг маргааныг хянан хэлэлцжээ. Үүнийг анхан шат, давж заалдах шат болон хяналтын шатны шүүхээр тус тус хянан шийдвэрлэсэн талаар өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлэв.


Анхан шатны шүүхэд дээрх хэргээс нийт 53 мянга 850 хэрэг маргааныг хянан шийдвэрлэснээс эрүүгийн 10 827 хэрэг, иргэний 41 903 хэрэг, захиргааны 1120 хэрэг байжээ. Дээрх хэргээс зөрчлийн 16 мянга орчим хэрэгт шийтгэл оногдуулж, 10701 хүн, гурван хуулийн этгээдэд ял оноосон байна. Мөн хорих ял эдлэхээс 729 хүнийг хугацаанаас нь өмнө суллаж, 1085 хүнд цагдан хорих ял оноожээ. Харин 1543 хүний цагдан хорих хугацааг сунгаад байна.


Анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 7.2 хувиар, иргэний хэрэг 37.4 хувиар ихэссэн бол захиргааны хэрэг 5.1 хувиар цөөрсөн байна. Давж заалдах шатны шүүхэд нийт 6140 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэснээс  эрүүгийн 2122 хэрэг, зөрчлийн 284 хэрэг, иргэний 2751 хэрэг, захиргааны 983 хэрэг шийдвэрлэжээ.


Харин хяналтын шатны шүүхэд нийт 1398 хэрэг шийдвэрлэснээс эрүүгийн 495 хэрэг, иргэний 567 хэрэг, захиргааны 336 хэрэг шийдвэрлэсэн байна.

Связанные новости