Дорнодын хүүхдүүд манлайлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДҮйл явдлын багц мэдээ
Саяхан болсон элсэлтийн шалгалтад Дорнодын хүүхдүүд тэргүүлэв.
Монгол-Германы хамтарсан төрийн өмчит Ашигт малтмал, Технологийн Их сургуульд 5 аймгийн 110 сурагч өрсөлдлөө. Математик, физик, хими, англи хэлний хичээлээр элсэлт авсан энэ шалгалтад 22 хүүхэд тэнцсэний 13 нь Дорнодын хүүхдүүд байв.
Дээрх сургуульд элсэн суралцах эрхийн бичгийг өнгөрсөн 7 хоногт аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хүүхдүүдэд гардууллаа. Хамгийн олон буюу 6 нь Хэрлэн сумын Улсын тэргүүний нэгдүгээр сургуулийнх байж Хэрлэн сумын 12, 5, Flower сургуулийн хүүхдүүд багтжээ.
Уул уурхай, ашигт малтмалаас гадна хүрээлэн буй орчны инженер, үйлдвэрийн эдийн засагч-инженер гэсэн мэргэжлээр суралцаж, Олон улсын шинжлэх ухааны бакалаврын дипломтой төгсөх гэнэ.
Өнгөрөгч хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад Дорнод аймгаас 6 хүүхэд 800 оноо авч, монгол хэл, математик, физик, биологийн хичээлээр улсын хэмжээнд тэргүүлсэн амжилтыг үзүүлсэн юм.
“Дорнод”-ынхон улсын аваргын цом гардлаа
Энэ сарын 2-ноос эхлэн Улаанбаатар хотноо үргэлжилсэн Улсын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнд “Дорнод” багийнхан анх удаа тэргүүлж аваргын цомыг гардлаа.
Монголын хөл бөмбөгийн холбооноос жил бүр зохион байгуулдаг энэ тэмцээнд хот, хөдөөгийн 20 багийн тамирчид хурд, хүч, авхаалжаа сорьсоноос аваргын төлөөх тэмцээн “ДМЮ”, “Дорнод” багийнхны хооронд болж оноо тэнцүү явсаар хоёр багийн “хайнаа хагалах” мөчид “Дорнод”-ын тамирчин Э.Отгонбаяр гоол оруулж, цаг дуусахаас тавхан минутын өмнө Г.Дуурсах оноог 3:1 болгосноор “Дорнод”-ынхон өрсөлдөгчөө буулган авсан амжилтыг үзүүлэв.
Улсын аварга шалгаруулах энэ тэмцээний шилдэг хаалгачаар Дорнодын тамирчин Б.Батсуурь, шилдэг хамгаалагчаар “Вэстрен”-ы Б.Очирсүрэн, шилдэг хагас хамгаалагчаар “ДМЮ”-гийн Ө.Төрбилэгт, 14 гоол хийсэн амжилтаар “ЖЕПРО”-гийн Г.Жаргалсайхан шилдэг довтлогчоор тодорчээ.
Онцгойгийнхон эрүүл мэндийн үзлэгт хамрагдав
Дорнод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид саяхан эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа. Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа “Жаргалант” сувиллынхан ирж газар дээр нь өвч бүрэн үйлчилгээг үзүүлэв. ЭХО, зүрх судас, сэтгэл зүйн болон уламжлалт оношлогоо, биеийн жингийн индекс, цусан дахь сахарын хэмжээ зэргийг тодорхойлж, эрүүл мэндийн зөвлөгөө өгч ажилласан байна.
Хаврын хаварт Дорнодод тал хээрийн түймэр их гардгаас аймгийн Онцгойгийнхны хувьд хамгийн их ачаалалтай ажилладаг хүмүүс. Уржнан жилийн түймрийн дараа хувийн хэвшлийн эмнэлгүүд санаачлан тэднийг үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээнд хамруулах болсон. Энэ жилийн хувьд Ерөнхий газраас нь тэдний эрүүл мэндийн төлөө санаа тавьж байгаад тэд талархалтай байгаагаа дамжуулж байлаа.
Б.Туяа