ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч нар орон нутагт ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-10-29 11:27:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭХЭМҮТ нь ЭМЯ, ДЭМБ-тай хамтран 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, Эрүүл мэндийн сайдын холбогдох тушаалын хэрэгжилтийг үнэлж, зөвлөгөөгөөр ханган ажиллаж байна.


Энэ ажлын хүрээнд ЭХЭМҮТ-ийн нярайн зөвлөх, АУ-ны магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч С.Энхтуяагаар ахлуулсан зөвлөх эмч нарын баг Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, хүүхдийн яаралтай тусламж, эрчимт эмчилгээний бэлэн байдал, нярайн түнхний хэт авиан скрининг оношилгоо, эмчилгээний хэрэгжилтийн бодлогын бичиг баримт, эмнэлзүйн заавар, хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангамж, бэлэн байдлыг шалгуур үзүүлэлтээр үнэлэн, сургалт зохион байгуулж, аймаг тус бүрд зөвлөмжийг хүргүүлж, мэргэжил аргазүйгээр хангажээ.


Жил бүрийн томуу, томуу төст өвчний дэгдэлтийг угтуулан ЭХЭМҮТ-өөс томуу, томуу төст өвчний оношилгоо, эмчилгээний удирдамжийг шинэчлэн боловсруулж, улсын хэмжээнд хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлж буй хүүхдийн эмч, мэргэжилтнүүдэд зориулан сургалт зохион байгуулах, тусламж үйлчилгээний бэлэн байдлыг үнэлж, зөвлөгөө өгөх зэргээр хамтран ажилладаг уламжлалтай. 2020 оны хувьд томуу, томуу төст өвчний улирал нь КОВИД-19 ба бусад халдваруудтай хавсарч тохиолдох эрсдэл өндөртэй, ихээхэн онцлогтой улирал болохоор байгаа тул бэлтгэл ажлыг илүү хянуур, нарийн төлөвлөж хийх шаардлага тулгарч байгааг эмч мэргэжилтнүүд хэллээ. 


Связанные новости