Говьсүмбэр аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2020-12-02 16:28:20

Говьсүмбэр/МОНЦАМЭ/.Засгийн газраас орон даяар  тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг Улаанбаатар, Архангай,Сэлэнгэ аймагт тодорхой хугацаагаар хэвээр үлдээж бусад газарт өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэр гаргасан.

Эл шийдвэртэй холбогдуулж Говьсүмбэр аймгийн Засаг даргын захирамжаар орон нутаг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн шилжин ажиллах хугацаанд хязгаарлалт тогтоохгүй хэвийн үйл ажиллагаа явуулах төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн байгууллагын нэрсийг баталлаа.

Тухайлбал, цахилгаан дулаан, усан хангамж ариутгах татуурга, хүнсний үйл ажиллагаа, түгээлт, түлээ нүүрс, өвс тэжээлийн худалдаа, түгээлт хүргэлтийн үйлчилгээ, хог хаягдлын цэвэрлэгээ, арчлалт, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо шуудангийн салбар, үүрэн холбоо, банк санхүү хөрөнгийн биржийн үйл ажиллагаа, боловсруулах үйлдвэрлэл, арьс ширний үйлдвэрлэл, хэвлэх үйлдвэрлэл, сав баглаа боодол, модон эдлэл тавилгын үйлдвэрлэл, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, шүүх прокуор, өмгөөлөл, нотариат, улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, газрын тосны бүтээгдэхүүн түлш хангамж, эрүүл мэндийн болон эм хангамжийн байгууллагууд, тусгайлсан чиг үүргийн байгууллагууд тодорхой цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин  оршуулгын зан үйлд хугацаа тогтоогоогүй байна.

Мөн өвлийн хүнс, түлээ нүүрс бэлтгэхээр Сүмбэр, Баянтал, Шивээговь сумын нутагт зорчих тохиолдолд сумын Онцгой комиссоос зөвшөөрөл авч, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж зорчихыг иргэдэд үүрэг болгосон байна.

Дээрх хугацаанд архи согтууруулах ундааг худалдан борлуулахыг хориглож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, хяналт тавих, замын цагдаагийн байнгын пост, хөдөлгөөнт эргүүлийн хяналтыг сайжруулж ажиллах юм.

Связанные новости