А.Амбасэлмаа: Сүрьеэгийн эмчийн давтан шинжилгээний хариу сөрөг гарсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2020-12-06 11:46:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр, ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын  хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар ЭМЯ-ны ээлжит мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.


-Өчигдөр ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасагт коронавирусний тохиолдол батлагдаж, улмаар тэнд байсан хүмүүсийг тусгаарласан тухай мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?


А.Амбасэлмаа: Нийтийн сүлжээгээр ийм мэдээлэл гарсан. Бид өдөр бүрийн 11.00 цагт батлагдсан тохиолдлуудын мэдээллийг албан ёсоор өгдөг. Тэгэхээр дээрх мэдээлэл бол албан бус мэдээлэл байна. Сүрьеэгийн эмчийн эхний сорьц эргэлзээтэй гарсан. Бид шинжилгээг лабораторийн шинжилгээ болон асуумжаар оношилдог. Энэхүү асуумж нь сэжигтэй тохиолдол нь коронавирусний батлагдсан тохиолдолтой ойр байсан эсэх, хамгаалалтын хувцас, маскгүй уулзсан эсэх зэргийг тодруулдаг. Өдөрт 10-20 мянган шинжилгээ хийхэд ганц нэг хуурамч, эргэлзээтэй зүйл гардаг. Бид бүх сэжигтэй тохиолдлыг баталгаажуулж байж нийтэд зарладаг. Сүрьеэгийн эмчийн давтан шинжилгээ өнөөдөр сөрөг гарсан. 


-Өчигдөр И-март болон Баянзүрх захад хөл хорио тогтоосон тухай мэдээлэл бий. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

А.Амбасэлмаа: И-март болон Баянзүрх дүүрэг нь том худалдааны төв тул бид тандалтын зорилгоор шинжилгээ хийе гэж үзсэн. Ингээд 500 гаруй хүнээс шинжилгээ авсан юм. Цаашдаа бүх том худалдааны төвүүдэд тандалтын сорьц авахаар ХӨСҮТ-ийн Тандалтын баг шийдвэрлэсэн.

-ХӨСҮТ дотроо халдвар хамгааллын дэглэм алдсан уу. ХӨСҮТ-д боловсон хүчний нөөц ямар байна вэ?

А.Амбасэлмаа: ХӨСҮТ-ийн ажилтнууд коронавирусээр халдварласан тохиолдол гарсан. Дэлхий нийтэд эмнэлгийн ажилтнууд коронавирусээр халдварлах магадлал маш өндөр байгаа бөгөөд нийт батлагдсан тохиолдлын 14-15 хувь нь, зарим газарт 30 хувь нь эмнэлгийн ажилтан байгаа. Монгол Улсад бол 1.4 хувь байна. Цаашдаа эмнэлгийн ажилтнуудаа хамгаалахын төлөө ХӨСҮТ болон ЭМЯ ажиллаж байгаа.
Связанные новости