МАХН-аас нэр дэвшигчдийг бүртгэхийг татгалзсан хэвээр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Сонгуулийн хороо МАХН-аас нэр дэвшигчдийг бүрдүүлэлт дутуу гэдгээр бүртгэхээс татгалзаж, энэ асуудал өнөөдөр ч шийдэгдээгүй хэвээр байна.
Хуулийн хугацаанд нэр дэвшигчдийнхээ материалыг Сонгуулийн хороонд тэд хүргүүлсэн ч 28 хүний 4-өөс бусдыг нь бүртгэхээс татгалзсан байна. Дээрх асуудал нь бүртгэж авахгүй байх шалтгаан биш гэж үзэж МАХН-ын аймгийн хороо Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдлоо гаргасан байна. Шүүх Сонгуулийн хорооны бүртгэхээс татгалзсан уг тогтоолыг хүчингүй болгож МАХН-аас нэр дэвшсэн 24 нэр дэвшигчийг бүртгэхийг Сонгуулийн хороонд даалгасан шийдвэр гаргасан юм. Гэтэл шүүхийн дээрх шийдвэрийг Сонгуулийн хорооны гишүүд хүлээж авахгүй дараагийн шатны шүүхэд давж заалдахаар болсон байна.
Энэ байдлыг аймгийн МАХН-ын хорооны гишүүд, дэмжигчид сонгуульд тус намаас нэр дэвшсэн хүмүүсийн сонгох сонгогдох эрхийг хааж боосон, цаг хугацаа хожих гэсэн башир арга гэж үзэж, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, дараагийн шатны тэмцлийн хэлбэрийг сонгоно гэдгээ мэдэгдлээ.
Б.Туяа