Ерөнхий сайд Олон улсын Ротари байгууллагын ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМонгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Олон улсын Ротари байгууллагын Ерөнхийлөгч, ноён К.Р.Равиндран тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Ротари клубууд нийгмийн төрөл бүрийн чиглэлээр хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй төслүүдийн үр дүнд Засгийн газар талархаж байдгийг онцлон тэмдэглээд олон улсын ротаричуудын сайн санааны үйлсийг цаашид ч манай төр, засгийн байгууллагууд дэмжих болно гэлээ.
Одоогийн байдлаар Монголд 16 Ротари клуб үйл ажиллагаа явуулж, эрүүл мэнд, боловсрол, эх нялхсын эрүүл мэнд, байгаль орчин, цэвэр ус зэрэг чиглэлээр олон төсөл хэрэгжиж, үр шимийг нь манай хэдэн мянган иргэн хүртээд байгаа юм.
Ротари клубуудын Монгол дахь үйл ажиллагаатай танилцахаар манай оронд хүрэлцэн ирээд байгаа Шри Ланка улсын иргэн, ноён К.Р. Равиндран Олон Улсын Ротари байгууллагын 2016 оны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Олон улсын Ротарийн дээд чуулган Сөүл хотноо өнгөрсөн 7 хоногт амжилттай болсон хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.