МЗХ-ны ерөнхийлөгч хар мөртэй хүмүүсийг сонгохгүй байхыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-06-06 16:33:44

УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар "Хар жагсаалт"-д нэр нь дурдагдсан улстөрчдийг сонгохгүй байхыг Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат нийт иргэддээ хандаж уриалж байгаагаа мэдэгдлээ. 

Тус холбооны эрх барих дээд байгууллага өнгөрсөн оны 10 дугаар сард хуралдах үеэр эх орны өнцөг булан бүрээс цугласан 280 залуу "Монголын улстөрийг өөрчлөх ёстой" хэмээн үзэж, хар жагсаалт гаргах санаачилга гарсан байна. Энэ хүрээнд нийслэл болоод 21 аймагт хар, цагаан жагсаалт бүрдүүлэх ажил өрнөсөн бөгөөд өнгөрөгч 4 дүгээр сард Чингисийн талбайд гутлын жагсаал хийн, энэ үеэр 1992 оноос хойшхи улс орны хэмжээний "100 хар үйл явдал"-ыг зарласан юм.

Тухайлбал, тус жагсаалтад Үндсэн хуулийг дордуулсан 7 өөрчлөлт, Ардчиллын алтан хараацай С.Зоригийн аллага, Өмч хувьчлал, нинжа нарыг "төрүүлсэн" Алт хөтөлбөр, утааг багасгаагүй "Цэвэр агаар сан", Урт нэртэй хуулийн хэрэгжилт гэх өнгөрсөн хугацааны үйл явдлууд багтсан байна.

Эдгээр 100 хар үйл явдлыг санаачлан хэрэгжүүлсэн нам, эвслийн болон бие даагчдын төлөөллийг УИХ-ын болон аймаг, нийслэлийн сонгуульд сонгохгүй байхыг тус холбооноос өмнө нь намуудад уриалга хүргүүлж байсан. Өнөөдөр сонгогчиддоо хандаж уриалж байна үүний цаана ямар нэг захиалагч байхгүй гэж Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат хэллээ.

Б.Туул

Связанные новости