ШӨХТГ-аас сонин, телевиз, сайтуудын мэдээлэлд мониторинг хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬШӨХТГ-аас өөрийн байранд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Сонгуулийн хуультай холбогдуулан Хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар зөвлөмж өгөв. Мөн ШӨХТГ сонгуулийн үеэр байнга мониторинг хийнэ гэдгээ мэдэгдлээ.
ШӨХТГ-ын улсын ахлах байцаагч Д.Лхагвасүрэн "Сонгуулийн тухай хуулийн хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө асуудал хариуцсан төр захиргааны байгууллага хэд хэдэн чиг үүргийг оногдуулсан байгаа. Сонгуулийн тухай хуулийн 70.1.6, 70.7, 68.6, 68.7 дахь заалтын биелэлтэд хяналт тавьж, хууль зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагуудад улсын байцаагчийн дүгнэлт гаргах ажлыг ШӨХТГ-т даалгасан" гэв. Түүний хэлснээр ийнхүү ШӨХТГ Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтад байнга хяналт тавьж ажиллах юм.
Сонгуулийн үеэр ажиллах тус газрын Ажлын хэсэг өргөн захиалгатай 30 гаруй сонин, 30 телевиз, 50 гаруй мэдээллийн вэб сайтад нийтлэгдэж буй мэдээ мэдээлэлд байнгын мониторинг хийж эхэлжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Нэр төрд халдсан, үндэслэлгүй мэдээлэл тараалаа" гэсэн агуулгатай хоёр гомдол ШӨХТГ-т иржээ. Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо болон нэг нэр дэвшигчээс ирсэн дээрх гомдлуудыг шалгаж, тайлбар тодруулга авах ажил үргэлжилж байна гэж ШӨХТГ-ын байцаагчид мэдээлэв.
Ж.Батсайхан