Монголын эмэгтэй боксчдоос анх удаа олимпын ринг дээр тулалдах эрхтэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-03-19 09:59:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын боксын спортын түүхэнд эмэгтэй тамирчдаас "Ширэн бээлий" клубийн тамирчин Олон улсын хэмжээний мастер Мөнхбатын Мягмаржаргал олимпын ринг дээр тулалдах анхны эрхийг авсан байна.


Тэрбээр дэлхийн чансаагаараа “Токио-2020” зуны XXXII олимпын наадамд өрсөлдөх эрх авч байгаа гэдгийг Токиогийн олимпын боксын тэмцээнийг зохион байгуулах хорооноос албан ёсоор мэдэгдэж баяр хүргэжээ.



ОУОХ-ны зохион байгуулах комиссоос энэ жил болох олимпын эрхийн тэмцээнийг цуцалсан. Улмаар тив тивд нь хувааж, чансаагаар нь олимпын эрх олгох юм. М.Мягмаржаргалын хувьд чансаагаар эмэгтэйчүүдийн 75 кг-д тавд жагссан ч эхний 4 тамирчин олимпын эрхээ авсан учраас ийнхүү олимпод оролцох эрхтэй болов. Тэрбээр гэмтлийн улмаас олон сар ринг дээр тоглоогүй байгаа аж.


Мөн 2017-2020 онд үзүүлсэн амжилтаараа ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга ОУХМ Э.Цэндбаатарын олимпын эрх баталгаажсан байна.


Ийнхүү Монголын боксчдын эрх хоёроор нэмэгдэж, өмнө нь эрхээ авсан ОУХМ Б.Чинзоригтой 3 боксчин Токиогийн олимпын наадамд оролцох эрхээ аваад байна.


Ташрамд дуулгахад, Турк улсын Станбул хотноо 2020 оны нэгдүгээр сарын 13-18-нд болсон Ахмет Комертийн нэрэмжит олон улсын XXXIII тэмцээнд хүчээ сорьсон Монголын эмэгтэй боксчдоос 75 кг-д ОУХМ М.Мягмаржаргал мөнгөн медаль хүртсэн билээ.



Связанные новости