Минжний мониторинг судалгаа хийж, камер байршууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Байгаль орчны газраас байгальд нутагшуулсан минжний мониторинг судалгаа хийж, автомат камер байршууллаа.
Түүнчлэн өвлийн улиралд минжний үлдээсэн мэрдэс,
унагасан модноос гадна голын салаа татуурга хооронд суваг ухсан, шуудуу татаж мод
нөөцөлсөн ул мөрийг илрүүлэн тэмдэглэжээ.
Туул голын экосистемийг хамгаалах, усны урсцыг байгалийн аргаар нэмэгдүүлэх зорилгоор
2012 онд ОХУ, ХБНГУ-аас
17 бүлийн 34 бодгаль Евразийн минжийг авчран үржүүлгийн төвд өсгөж байна.
Минж үржүүлэн нутагшуулах хүрээнд 2012-2020 онд нийт 57 бодгалийг Туул голын
эх, түүний цутгал болох Заан, Тэрэлж голд нутагшуулаад байгаа.
Нийслэлийн Байгаль орчны газар, МУИС-ийн багш судлаачидтай хамтран жил бүрийн өвөл байгальд сэргээн нутагшуулсан минжний нутагшилтын байдал, үр дүнд хяналт тавих, мониторинг судалгааг тогтмол хийж байгаа билээ. Байгаль дээр 100-150 бүл минж нутагшсан тохиолдолд байгалийн болон хүний сөрөг нөлөөлөлд бага өртөх, улмаар байгалийн аясаар өсөж үржих нөхцөл бүрдэх тул цаашид Туул голын эх, түүний цутгал голуудад минж үржүүлэхэд онцгойлон анхаарч байгаа аж.
“Усны инженер” хэмээн нэрлэгддэг минж нь голын экосистем, түүний ойр орчмын хуурай газрыг холбосон завсрын шинжтэй амьдрах орчныг шинээр бий болгож, биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой.