Ханх суманд нэгдүгээр сараас хойш 60 гаруй мянган удаа газар хөдөлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт нэгдүгээр сарын 12-нд 6,5 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш, өнөөдрийн 12.00 цагийн байдлаар 62 034 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ.
Үүний 200 гаруй нь 3,5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй байсныг
Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.
Энэ оны нэгдүгээр
сарын 12-нд 05.32 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км зайд 6,5 магнитудын
хүчтэй газар хөдөлсөн бол өчигдөр
мөн бүсэд 6,3 магнитудын хүчтэй газар хөдөлж, чичирхийлэл нь Орхон,
Сэлэнгэ, Дархан, Булган, Архангай аймаг болон Улаанбаатар хотод мэдрэгдсэн юм.
Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.