Тасманийн чөтгөрүүд 3000 жилийн дараа Австралийн эх газарт үржиж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
КАНБЕРРА. /Reuters/. “Тасманийн чөтгөр” гэх этгээд нэртэй амьтад Австралийн эх газарт 3000 жилийн дараа үржиж эхэлжээ. Тус улсын Шинэ Өмнөд Уэльс мужид долоон зулзага гарсан тухай “Aussie Ark” байгаль хамгаалах байгууллага мэдээлсэн байна.
Тус байгууллага энэ амьтныг Австралийн эх газарт буцаан нутагшуулах ажлыг удирдан явуулж байгаа бөгөөд өнгөрсөн онд нас бие гүйцсэн 26 эмэгчнийг зэрлэг байгальд тавьжээ. Мэргэжилтнүүд амьтад дахин нутагшиж чадна гэж найдаж байна. “Aussie Ark” байгууллагынхан зулзагануудыг хэдэн долоо хоногийн турш харах аж.
Энэ төрлийн амьтад Австралийн эх газраас устахад хүрсэн шалтгаан нь зэрлэг динго нохойн идэш болж байсантай холбоотой бөгөөд үүнээс хойш Тасманийн арал дээр амьдарч байжээ. Гэвч 1990-ээд оноос хойш хавдрын эсүүд амьтнаас амьтанд дамждаг амны хавдар өвчний улмаас тоо толгой нь буурсан байна.
Одоо байгаа мэдээллээр бол зэрлэг байгальд 25000 хүрэхгүй "Тасманийн чөтгөр" үлджээ. Нас биед хүрсэн эрэгчин нь 12 кг, харин эм нь 8 кг жинтэй, хамгийн сайн хөгжсөн мэдрэхүй нь тэдний сонсгол ажээ.