Бразилаас буцаж ирсэн хүмүүсээс донорын цус авахгүй байхыг зөвлөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2016-06-22 13:16:52

ЖЕНЕВ. /Prensa Latina/. Шумуулаар дамждаг “зика” вирус тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд Бразилаас буцаж ирээд нэг сар болоогүй хүнээс донорын цус авахгүй байхыг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ зөвлөлөө.  

Ирэх 8-9 дүгээр сард Бразилын Рио-де-Жанейро хотод болох Зуны Олимп болон Паралимпод оролцож, уг наадмыг үзэх хүмүүст зориулсан зөвлөгөөг ДЭМБ гаргажээ.

“Зика” вирус тархсан аль ч улсад саяхан очоод буцаж ирсэн хүмүүсээс цус авахгүй байх, цус сэлбэсний улмаас уг вирус тархах явдлыг таслан зогсоох талаар тодорхой журам боловсруулахыг ДЭМБ холбогдох албаны хүмүүст зөвлөсөн байна.

Мөн уг вирусийн халдвар авахаас урьдчилан сэргийлэхийн тулд бэлгийн харилцаанд орохдоо бэлгэвч хэрэглэх, шумууланд хазуулахгүйн тулд биеэ халхалсан хувцас өмсөх, шавьж устгадаг бодис ашиглахыг зөвлөжээ.

“Зика” вирус нь өнгөрсөн оны сүүлчээр Бразилд тархаж эхэлснээс хойш дэлхийн 60 гаруй улсад тархаад байна.

Шумуулаар дамждаг уг өвчин нь мэдрэлийн эмгэг үүсгэдэг бөгөөд ургийн тархины хөгжлийг зогсоосноор төрөлхийн гажигтай буюу хэт жижигхэн толгойтой хүүхэд төрдөг болохыг тогтоосон билээ.

Г.Доржханд

 

 

Связанные новости