Цацраг идэвхт эмийн үйлдвэрлэлд ажиллах багийг БНСУ-д бэлтгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2021-08-26 15:38:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Цөмийн оношилгоо, эмчилгээний төвийн ажилтай танилцав.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цөмийн оношилгоо, эмчилгээний ач холбогдол өссөөр байгаа энэ үед Монгол Улсын эрүүл мэндийн салбарт дэлхийн анагаах ухааны шилдэг технологи нэвтэрч байна. Цөмийн оношилгоо, эмчилгээний төв ПЭТ компьютер томографи оношилгоог Монгол Улсад шинээр хийж эхлэхээр боллоо. Монгол Улсын хүн амын дунд зүрх судас, хорт хавдрын шалтгаант өвчлөл, нас баралт тэргүүлэх байрыг эзэлж байна. Энэ оношилгоо эдгээр өвчний хүндрэлээс сэргийлэх, нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтой” гэлээ. Мөн ПЭТ компьютер томограф оношилгоо болон цацраг идэвхт эмийн үйлдвэр байгуулахад хүчин чармайлт, хичээл зүтгэл гарган ажилласан эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд, эмч, мэргэжилтнүүд төдийгүй Бүгд Найрамдах Солонгос Улсын түншүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр талархал илэрхийлэв.

Цөмийн оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орсноор гадаад улсад энэ төрлийн оношилгоонд орохоор явдаг манай иргэдийн урсгалыг арилгаж, тэдэнд учирч байгаа эдийн засгийн ачаалал, чирэгдлийг бууруулахад бодитой үр дүн үзүүлнэ гэдгийг албаныхан хэлж байв. Монгол Улсын иргэд гадаад улс онуудад эмчилгээ, оношилгоо хийлгэхэд жилд дунджаар 58 сая ам.долларыг зарцуулдаг гэсэн тооцоо бий. Гадаад улсад ПЭТ компьютер томограф оношилгоо хийлгэхэд зарцуулдаг нийт зардлыг манай улсад хийж эхэлснээр энэ оношилгоонд гарах зардалтай харьцуулахад 2-5 дахин буурах юм.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд уг аппаратыг ажиллуулах болон оношилгоонд шаардлагатай цацраг идэвхт эмийн үйлдвэрлэлд ажиллах 10 эмч, эм зүйч, инженер, химич, техникчийг багаар нь БНСУ-д сургаж, бэлтгэжээ.

Засгийн газраас Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлэхээр төлөвлөж байгаа билээ. Энэ ажлын нэг нь Цөмийн оношилгоо, эмчилгээний төв болж байна.

Связанные новости