Дэлхийн улсуудад коронавирусний 21 480 төрлийн мутац илрээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний хувилбарын судалгааны үр дүнгийн талаар ЭМЯ-наас өнөөдөр мэдээлэл хийх үеэр танилцууллаа.
Тодруулбал, АУ-ны доктор, дэд профессор, АШУҮИС-ийн бичил амь судлал, халдварын хяналт сэргийлэлт тэнхимийн эрхлэгч н.Баттогтох, АУ-ны доктор, Мартин Лютербергийн их сургуулийн хүний удам зүйн шинжилгээний ажилтан, сургалт эрхэлсэн координат, НЭМҮТ-ийн зөвлөх н.Сэвжидмаа, ЭМЯ-ны ШУТ-ийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга н.Оюунсүрэн нар коронавирусний төрлийг тодорхойлох шинжилгээ, судалгааны үр дүнгийн талаар танилцуулсан юм.
SARS-Cov-2 вирус
нь хувиран өөрчлөгдөх чадвартай. Өмнөх оны гуравдугаар сард дэлхийн
улсуудад 600 гаруй мутац илэрсэн байсан бол өнөөдрийн байдлаар 21 480 төрлийн
мутац илрээд байгаа аж.
Тиймээс коронавирусний төрлийг тодорхойлох шинжилгээ хийх нь чухал бөгөөд энэ нь манайд тулгамдаж байгаа асуудлын нэг байв.
Харин үүнийг ПГУ шинжилгээний үр дүнг үндэслэн ЗӨСҮТ-тэй хамтран Sanger Sequence-ийн арга ашиглан коронавирусний генийг тодорхойлох боломжтой болжээ.
Уг хэвлэлийн хурлын
үеэр АШУҮИС-ийн судалгааны багийн төлөөлөл хэлэхдээ, "АШУҮИС КОВИД-19-ийн
голомтолсон халдварт геномийн судалгаа хийх төсөл хэрэгжүүлсэн. Судалгааг өмнөх
оны 11 дүгээр сараас энэ оны наймдугаар сарын 17-ныг хүртэл хийсэн. Одоогоор манай
улс коронавирусний "Альфа, Бета, Гамма, Дельта" хувилбаруудыг богино хугацаанд
ПГУ-ын шинжилгээгээр илрүүлж байна. Судалгааны үр дүнг харвал, цар тахал хүн
амын дунд бүртгэгдэж эхэлснээс эхний хэдэн сард анхны хувилбартайгаа адил
сорьцууд эргэлтэд байсан. Харин энэ оны 2, 3 дугаар сараас вирус хувьсаж, альфа
хувилбар илрэх болсон.
Улмаар 6, 7 дугаар сарын эхээр нийт батлагдсан тохиолдлын дийлэнх хувийг альфа хувилбар эзэлж байсан бол долдугаар сарын дундаас дельта хувилбар бүртгэгдэж эхэлсэн. Энэ сарын 17-ны байдлаар дельта хувилбарт коронавирус шинээр батлагдсан тохиолдлууд дунд нэлээд өндөр хувийг эзэлж байна. Мөн бид нуклейн хүчлийн түвшинд тус вирус өөрчлөгдсөн гэдгийг батлах шинжилгээг амжилттай хийлээ. Ингэснээр дэлхий нийтэд түгээмэл байгаа мутацлагдсан хувилбар болон бусад төрлийн мутацын төрлийг илрүүлэх боломжтой болсон. Цаашид сорьцын тоог нэмэхээр Монголд эргэлдэж байгаа коронавирусний геномын судалгааны нарийвчилсан үр дүнгүүд гарах боломжтой болно" гэв.