Ховд үйлдвэр технологийн паркийн ТЭЗҮ-ийг боловсрууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО) хамтран “Мал төхөөрөх, мах боловсруулах загвар үйлдвэр”-ийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), мастер төлөвлөгөө, “Ховд аймгийн Үйлдвэрлэл, технологийн Парк” (ХҮТП)-ийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсрууллаа.
“Ховд үйлдвэрлэл, технологийн парк”-ийг байгуулснаар 2271 байнгын, 1100 түр ажлын байр шинээр бий болно. Түүнчлэн экспортыг оруулаад, жилд дунджаар 132 сая ам.долларын орлого олж, ДНБ-д 636,4 тэрбум төгрөгийн орлого оруулах боломжтой.
Стратегийн
ач холбогдолтой эдгээр ТЭЗҮ
судалгааг Европын Холбооны санхүүжилт, Монгол Улсад хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих (SECiM) төслийн дэмжлэгээр гүйцэтгэжээ. Мөн Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, олон улсын
чанарын стандартад нийцсэн, нэмүү өртөг шингэсэн хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийг
хөгжүүлж, зохистой хөдөлмөр
эрхлэлтийг бий болгох ХХААХҮЯ, Монгол Улсын Засгийн газрын стратегийн хүрээнд
хийгджээ. Энэ нь хөнгөн,
хүнсний үйлдвэрлэлийн орчин үеийн хөгжилд төр, хувийн хэвшлийн хамтарсан
хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх үндэс суурь болох аж.
“Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр”-ийн зураг төслийн дагуу барилгын ажлаа гүйцэтгэж, үйлдвэрээ ажиллуулах үед дотоодын болон олон улсын CAC/RCP 58-2005, MNS CAC RCP CAC RCP 58: 2013, GHP, GMP, HACCP систем, халал баталгаажуулалт, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын шаардлага, зөвлөмжийг дагаж мөрдөнө. Үйлдвэрийг аль ч аймагт байгуулахад тохиромжтой дизайнаар төлөвлөжээ. Одоогоор, үйлдвэрийн 2023 оны орлого 36,5 тэрбум төгрөг байхаар төсөөлжээ.
Засгийн газраас үйлдвэр барихад шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бий болгож олон улсын стандартын дагуу барих нь зүйтэй хэмээн ЮНИДО-ын мэргэжилтнүүд зөвлөв. ЮНИДО нь цаашид хүртээмжтэй, тогтвортой аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх олон улсын үйл ажиллагааныхаа хүрээнд холбогдох дэмжлэг, туслалцааг үзүүлэхээ илэрхийлсэн байна.