Иран “Fakhra’” вакцины туршилтынхаа гуравдугаар үе шатыг эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-09-13 16:37:02

ТЕХРАН. /IRNA/. Иранд дотооддоо гарган авсан, “COVID-19”-ийн эсрэг үйлчилгээтэй “Fakhra’” вакцины эмнэлзүйн туршилтын гуравдугаар үе шатыг эхлүүлэх ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Бахрам Эйноллахи, Батлан хамгаалахын сайд Мохаммад Реза Караи Аштиани нар оролцжээ.


Эмнэлзүйн туршилтын энэхүү үе шатанд “Fakhra’” вакцинд сайн дурын 40 мянган хүнийг хамруулна. 


Батлан хамгаалах яамны Эрүүл мэнд, эмчилгээний хэлтсийн дарга, бригадын генерал Аллахвераны мэдээлснээр, гуравдугаар үе шатны туршилт гурван сарын дараа дуусах бөгөөд үүний дараа вакциныг Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгөх ажээ.


Fakhra’” вакцины эхний үе шатны туршилтад 135 хүнийг хамруулсан бол хоёрдугаар үе шатанд 500 хүнийг вакцинжуулжээ.


Тийнхүү туршилтын дараагийн үе шатыг эхлүүлэх ажиллагааны үеэр Б.Эйноллахи вакцины чанар, үр дүнг сайшааж буйгаа мэдэгджээ. Мөн улсын хэмжээнд халдварын нөхцөл байдал хүнд байгаатай холбоотойгоор вакцинжуулалтын явцыг түргэтгэхийн тулд вакцин импортлох шаардлагатай байгааг нэмж хэлсэн байна.


Исламын хувьсгалын дээд удирдагч Аятолла Сейед Али Хаменеиг Иранд гарган авсан вакцинаар дархлаажуулах тухайд Эрүүл мэндийн сайд, “Иранд хамгийн сайн вакциныг үйлдвэрлэж байна. Бид тун удахгүй вакцин импортлох шаардлагагүй болно” гэжээ. 

Связанные новости