Шинээр 2650 хүнээс халдвар илэрч, 19 хүн нас баржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2650 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс 135 тохиолдлоор их үзүүлэлт юм.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1138 нь Улаанбаатар хотод, 1512 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд 6549 иргэн эдгэрсэн бол 41-80 насны 19 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1204 хүн нас бараад байна.
Одоогоор, коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20 724 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 64 654 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.