Францад эрчимт эмчилгээний тасгийн сувилагч нарт урамшуулал олгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПАРИС. /France24/. "Манай улс “COVID-19” цар тахлын эсрэг тэмцэлд галын шугамд ажиллан туйлдаж буй эрчимт эмчилгээний тасгийн сувилагч нарт ирэх нэгдүгээр сараас эхлэн сар бүр 100 еврогийн нэмэлт урамшуулал олгоно" гэж Францын Ерөнхий сайд Жан Кастекс мэдэгджээ.
Энэхүү шийдвэр нь эрчимт эмчилгээний тасгийн ажилтнуудын ур чадварыг үнэлж, ажиллах нөхцөлийг нь сайжруулах зорилготой гэдгийг тэрбээр нийслэл Парис хотоос холгүй орших Кретей хотын эрчимт эмчилгээний тасагт зочлох үеэрээ онцлон тэмдэглэсэн байна.
Мөн ирэх долоо хоногт Эрүүл мэндийн сайд Оливье Веран халдвартай тэмцэх галын шугамд ажиллаж буй ажилтнуудын хомсдолыг зохицуулах чиглэлд хэрэгжүүлэх багц арга хэмжээнүүдийг танилцуулах төлөвлөж байгаа ажээ.
Францад коронавирусний “омикрон” хувилбар хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо урьд бүртгэгдэж байгаагүй өндөр хэмжээнд хүрч, эрчимт эмчилгээний тасгийн ачаалал эрс нэмэгдэх болжээ.