Анхдугаар хуралдааныг шуурхай зарлан хуралдуулахыг ЗГХЭГ- аас сануулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬХууль хэрэгжүүлж ажиллах тухай албан бичгийг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Дундговь аймгийн ИТХ- ын тэргүүлэгчдэд өнөөдөр үдээс хойш ирүүллээ.
Үүнд, Монгол Улсын Засаг захиргаа, нутагт дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийн 23.4- т аймгийн ИТХ- ын анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буй Хурлын тэргүүлэгчид зарлан хуралдуулахаар хуульчилсан бөгөөд аймаг, нийслэлийн ИТХ- ын сонгуулийг 2016 оны 6 дугаар сарын 29- ний өдөр Монгол орны нийт нутаг дэвсгэрт зохион байгуулснаас хойш 20 хоног өнгөрөөд байна.
Гэтэл та бүхэн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдаж байгаа аймгийн ИТХ- ын анхдугаар хуралдааныг өнөөг хүртэл зарлан хуралдуулаагүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагаанд баримтлах “хууль дээдлэх” үндсэн зарчим болон дээр дурьдсан хуулийн заалтыг илт зөрчиж байна гээд хуулийг хэрэгжүүлж, аймгийн ИТХ- ын анхдугаар хуралдааныг шуурхай зарлан хуралдуулах арга хэмжээ авахыг сануулжээ.
Т. Отгонтуяа