“COVID-19”-өөр өвчилсөн тохиолдлын өсөлт өмнөх долоо хоногийнхоос саарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ВАШИНГТОН. /CNN/.
Дэлхийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт “COVID-19”-өөр
халдварласан 18 сая гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад
20 хувиар өслөө гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын долоо
хоног тутмын тайланд мэдээлэв.
Энэ сарын 11-нд танилцуулсан өмнөх тайланд халдварын шинэ
тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхоос 55 хувиар өссөн гэж мэдээлж байсан юм.
“Хэдийгээр халдварын тохиолдлын өсөлт дэлхийн хэмжээнд
саарч байгаа ч нэгдүгээр сарын 11-16-нд Африкаас бусад бүс нутагт өвчлөл өмнөх
долоо хоногийнхоос өссөн. Африкийн хувьд энэ үзүүлэлт 27 хувиар буурсан” гэж
ДЭМБ-аас хамгийн сүүлд танилцуулсан тайланд дурджээ.
Тодруулбал, Зүүн-Өмнөд Азийн бүс нутагт өвчлөл хамгийн ихээр
буюу 145 хувиар өссөн бол түүний араас Газар дундын тэнгисийн зүүн бүс /68 хувь/, Номхон
далайн баруун бүс /38 хувь/, Америкийн бүс /17 хувь/, Европын бүс /10 хувь/ тус тус жагссан байна.
Мөн дэлхийн улс орнуудаас АНУ-д хамгийн олон шинэ тохиолдол
илэрсэн бол Франц, Энэтхэг, Итали, Их Британи удаалжээ. Нэгдүгээр сарын 16-ны
өдрийн байдлаар, дэлхийн хэмжээнд “COVID-19” халдварын 323 сая гаруй тохиолдол
батлагдсан байна.
Харин өнгөрсөн долоо хоногт халдварын улмаас нас барсан
45 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийнхтой ойролцоо
үзүүлэлт болжээ. Түүнээс Зүүн-Өмнөд Азийн бүс, Америкийн бүсэд халдвараар нас
барсан тохиолдлын тоо 12, 7 хувиар тус тус нэмэгдсэн бол бусад бүс нутагт өмнөх долоо
хоногийнхтой ойролцоо байжээ. Дэлхий даяар нэгдүгээр сарын 16-ны байдлаар 5.5
сая гаруй хүн халдвараар нас барсан байна.