Сар шинийн барилдаанд аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-02-01 17:53:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сар, сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны гурвын даваа өнөөдөр 14.00 цагт эхлэв. Гурвын даваанд улсын гарьд Ш.Жаргалсайхан улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Б.Одгэрэл, Т.Бэгзсүрэн, Ц.Мөнхбаяр, улсын начин Д.Амаржаргал, Д.Хүдэрбулга тэргүүтэй бөхчүүд өвдөг шороодлоо. Мөн аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл, цэргийн арслан М.Лхагвагэрэл нар тунаж, Булган аймгийн Орхон сумын харьяат Б.Түмэндэмбэрэл давснаар цааш шалгарсан юм.




Барилдааны дөрвийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж нар өвдөг шороодсоноос гадна улсын заан Ц.Одбаяр, улсын харцага Б.Орхонбаяр зэрэг түрүү бөхийн таамагт байсан бөхчүүд унав. Аймгийн заан Э.Мөнхжаргал П.Бүрэнтөгс аваргыг давсан бол аймгийн заан Ц.Бямба-Отгон улсын арслан Б.Гончигдамбыг давав. Харин аймгийн заан Э.Мөнхжаргал, аймгийн заан Ц.Бямба-Отгон нар тавын даваанд үлдсэн юм. Тавын даваанд улсын заан Д.Анар, улсын харцага Д.Бат-Эрдэнэ, Х.Гантулга, улсын начин Д.Амарсайхан, Ч.Батчулуун, Б.Даваа-Очир, Б.Эрдэнэхүү нар өвдөг шороодлоо. 

Яг одоо Монгол Бөхийн өргөөнд хаврын тэргүүн сар, сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны зургаагийн даваа эхлээд байна. Зургаагийн даваанд Улсын гарьд Б.Гончигдамба аймгийн заан Э.Мөнхжаргалтай, Улсын гарьд М.Бадарч улсын харцага Б.Бат-Өлзийтэй, Улсын заан Б.Пүрэвсайхан улсын харцага Б.Зоригтбаатартай, Улсын харцага Т.Баасанхүү улсын харцага О.Хангайтай оноо тааран барилдав.

Аймгийн заан Э.Мөнхжаргал улсын гарьд М.Бадарчаар долоо давж, үзүүр түрүү булаалдахаар үлдсэн юм. Сар шинийн баярт зориулсан барилдаанд урьд нь аймгийн заан цолтой бөх үзүүр, түрүүнд үлдэж байгаагүй аж. Аймгийн заан Э.Мөнхжаргал наймын даваанд улсын заан Б.Пүрэвсайханг давж, сар шинийн барилдаанд түрүүллээ. Ийнхүү аймгийн заан цолтой бөх анх удаагаа уламжлалт сар шинийн барилдаанд түрүүлэв.

Связанные новости