Монгол хэлний кирилл бичгийн дүрэм огт өөрчлөгдөөгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-05-04 16:27:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол хэлний кирилл бичгийн дүрэм өөрчлөгдөөгүй хэмээн доктор С.Энхжаргал "Үсэг бичиг-Өв их эрдэнэ" хэлэлцүүлгийн үеэр онцлов.


Үндэсний бичиг үсгийн баярт зориулан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс тус хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

Монголчууд түүхэндээ монгол, дөрвөлжин, тод, соёмбо, багиндра зэрэг 10 гаруй бичиг үсэг хэрэглэж хожим латин, кирилл бичгийг хэрэглэсээр энэ цаг үетэй золгожээ. Хэл зохиолын хүрээлэнгийн Эх хэл бичгийн сан хөмрөгийн 70 хувь нь эрдэмтэн мэргэдийн цуглуулсан монгол, манж, төвөд, тод бичгийн дурсгал бөгөөд хээрийн шинжилгээний ангийн судалгааны 450 гаруй материал бий аж.


Хэлэлцүүлэгт Хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгэний ажилтан, доктор, дэд профессор Г.Батзаяа “Эргэлзээт үгийн ээдрээг тайлахуй” илтгэл тавив. Тэрбээр, “2018 онд Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” гарснаас хойш иргэд өмнө нь бичдэг байснаас өөр болсон гэсэн буруу ойлголттой байдаг. Академич Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 онд хэвлүүлсэн толь 18 мянга, шинэ толь бичиг 38  мянган толгой үгтэй. Энэ хооронд 20 гаруй үгийг өөрчилсөн байдаг. Гэтэл хүмүүс олон үг өөрчлөгдсөн гэж үздэг. Тухайлбал, авлига, гараг, төвөд, ойрад, эрвээхий, дэгдээхий, авлига гэх мэт 23 үгийг зүй тогтлын дагуу зөв бичих дүрмийг журамласан. Хүмүүсийн маргалдаад байдаг санаачилга, сурвалжилга, байцай, бөжин, бүжин, шавж гэсэн үгийг өөрчлөөгүй. Ц.Дамдинсүрэнгийн толь бичигт ямар байсан яг тэр чигээр нь хэрэглэж байгаа. Толь бичигт зөвөөрөө байгаа зүйлийг зарим хүн буруу бичиж хэвшсэнийгээ зөв хэмээдэг. Бүжин гэдэг үгийг хоёр янзаар бичнэ. Туулайн бөжин гэхэд “ө” үсгээр бичнэ. Бөндгөр хөөрхөн гэдэг үгээс гаралтай. Хүний нэр Бүжин бол төвөд хэлнээс орж ирсэн охин тэнгэрийн нэр юм. Хүмүүс хуучин, шинэ толь бичгийг ялгадаггүй олон үгийг өөрчилсөн гэдэг. Монгол хэлний эрдэмтэд хуралдан өөр өөр бичлэгтэй 700 үгийг хэрхэн бичих талаар санал асуулга явуулсан. Түүнийг албан ёсоор хүчингүй болгож журамласан толь хэвлэсэн” хэмээн тайлбарлалаа.


Энэ үеэр  Эх хэл бичгийн сан хөмрөг, лабораторийн эрхлэгч, доктор С.Энхжаргалаас дараах асуултад хариулт авав.

-Монголчууд хэчнээн толь бичиг хэрэглэж байгаа вэ?

-Монголчууд кирилл үсгийг авч хэрэглээд 80 гаруй жил болж байна. Академич Ц.Дамдинсүрэн 1941 онд оросоос дамжуулан кирилл үсгийг авч монгол хэлний авиа зүйн онцлог бүтцэд тохируулан цагаан толгойн үсгийг зохиож Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэглэж байна. 1942 онд товч дүрмийг хэвлэн олон нийтэд хүргэсэн. Дараа нь 1946 онд засаж сайжруулан хэвлэж, 1949 онд дахин хэвлэсэн. Хамгийн анхны зөв бичих дүрмийн толь бичиг 1951 онд гарсан. Түүнээс хойш улс даяар кирилл бичгийг бүх нийтээрээ хэрэглэсэн. Дараагийн толь бичиг 1983 онд гарсан.


-Энэ хугацаанд монгол кирилл үсгийн дүрэм өөрчлөгдсөн үү?

-Энэ хооронд шинэ тутам авч хэрэглэсэн бичиг үсэг учраас аажимдаа боловсорч сайжруулсан, тодруулсан дүрмүүд бий. 1941 онд зохиосон анхны эх суурь дүрэм огт өөрчлөгдөөгүй гэж хэлж болно. Дараа нь 1983 онд Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын гаргасан монгол үсгийн дүрмийн тольд хавсарсан дүрмийг хүчин төгөлдөр мөрдөж байна. 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор “Монгол хэлний зөв бичих журамласан толь”-ийг тэргүүлэх эрдэмтэд оролцсон баг боловсруулж улс даяар хэрэглэж байна.

-1984 гарсан үсгийн дүрмийн толь, 2018 онд гарсан үсгийн дүрмийн тольд хавсралтаар орсон зөв бичих үгийн дүрэм ямар ялгаатай вэ?

-Хэл бол амьд зүйл гэж үздэг. Хэл маш богино хугацаанд хөгжиж үгийн сонголт хүрээгээ тэлж байна. 2018 оны “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” 38 мянган толгой үгтэй болсон. Гадаад үгийн бичлэгт тодорхой заалт оруулсан болохоос дүрмийн өөрчлөлт ороогүй. Үндсэн дүрэм өөрчлөгдөөгүй ч цаг хугацааны эрхээр, үгийн сан баяжихын хэрээр монгол хэлний үгийн сан баяжиж байна. Үгийн бичлэгийг өөрчлөх өөрчлөлт, зарим дүрэмд нэмэлт тайлбар, тодруулга орсон.

Хэлэлцүүлгийн үеэр Хэл зохиолын хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалж буй монгол ном судар болон бичгийн хэлний судалгааны үр дүнгээс танилцуулсан юм.

Связанные новости