Д.Ганбат: Баянгол дүүргийн шүүх нийт шүүгчдийн нэр хүндийг унагалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬБаянгол дүүргийн шүүхээс 19 настай оюутан П-г 26 хутгалж амийг нь хөнөөсөн 33 настай Б-г цагаатгасныг эсэргүүцэж өнөөдөр хохирогчийн ээж Т.Дамдинсүрэн, өмгөөлөгч Д.Ганбат нар мэдээлэл хийлээ.
Т.Дамдинсүрэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 2-нд хүүгээ хутгалуулж амиа алдсан тухай мэдээг сонсчээ. Уг гэмт хэргийг 33 настай Б гэгч үйлдсэн хэмээн үзэж, сэжигтнээр татсан боловч түүнийг Баянгол дүүргийн шүүхээс аргагүй хамгаалалт хэмээн үзэж цагаатгажээ. Мөрдөн байцаалтын явцад П-гийн цогцос болон Б-ийн биед хийсэн шинжилгээний хариу хэд хэдэн удаа өөрчлөгдсөн байна. Тухайлбал, гурван эмчийн хамтарсан дүгнэлтээр хэрэг гарах үед Б-г өөрийгөө удирдан жолоодох чадвартай гэсэн хариу гарж байжээ. Үүний дараа Д.Ганбат хэмээх эмч дүгнэлт гаргасан бөгөөд тэрбээр Б-г өөрийгөө удирдах чадваргүй байсан хэмээжээ. Б нь хохирогчийн цогцсыг байрны гадаах гараашийн дэргэд хаяад явсан бөгөөд замдаа цагдаад “Би хутгалуулчихлаа” хэмээн хэлж гэмтлийн эмнэлэгт хүргүүлсэн байна. Гэтэл шүүхээс зөвхөн П-гийн цогцсонд шинжилгээ хийжээ. Харин Б өөрийгөө гэмтээсэн үү эсхүл бусдад хутгалуулсан уу гэдгийг огт шалгаагүй аж. Хохирогчийн гэр бүл Б-ийн биед байгаа шархуудад криминалистикийн шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй байна. Тиймээс П-ийн гэр бүлийнхэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн Т.Дамдинсүрэн хэллээ.
Өмгөөлөгч Д.Ганбат нь энэ хэрэгт мөрдөн байцаалтын дунд үеэс ажиллаж эхэлсэн бөгөөд хүүгийн ээжийн гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байгаагаа хэллээ.
Тэрбээр, “Хэрэгтнийг гэм буруугүйд тооцсон нь нийт шүүгчдийн нэр хүндийг унагасан, ард түмний итгэлийг алдсан шийдвэр боллоо. Энэ мэдээллийг олон шударга өмгөөлөгч хуульчид харна гэдэгт итгэж байна.
Шүүх хурлаас өмнөх мөрдөн байцаалтын явцад хэргийн бүх баримтыг хөдлөшгүй нотлох ёстой байдаг. Гэтэл их олон зүйл эргэлзээтэй байна. Тухайлбал, хэргийн газраас олдсон хутгыг хэнийх вэ гэдгийг тогтоогоогүй. Түүнчлэн сэжигтэн Б-ийн хутганы шархыг ямар өнцгөөс хэрхэн үүссэнийг тогтоогтоогүй байж нэг талыг барьсан шийдвэр гаргалаа.
Мөн хэрэг гарсан өдөр сэжигтэн Б-ийн эхнэр хүүхдээ эмнэлэгт үзүүлээд явж байсан. Тэрбээр Б рүү 10 гаруй удаа залгаж дуудсан ч очоогүй. Энэ нь хүүгээс хоёр гар утсыг хямд үнээр авах гэсэн шунахайн сэдэлтэй байсан байх магадлалтайг харуулж байна. Мөн сэжигтний цээжин тус газарт хутгалуулсан гэх шарх үүссэний дараа хүүг 26 удаа хутгалах боломжгүй гэсэн дүгнэлт бий. Тэгэхээр Б хүүг хутгалсны дараа өөрийгөө гэмтээсэн байх магадлалтай юм. Гэмт хэргийн зурагнуудаас харахад хохирогчийн баруун гарт 10 гаруй удаагийн, зүүн гарт 9 удаагийн хутганы шарх байна. Мөн хэвлий, цээж орчимд бий. Энэ мэт эргэлзээтэй маш олон зүйл байна. Тиймээс бид хуульд заасан эрхийнхээ дагуу давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах болно. Хэргийг үнэн зөвөөр шийдэгдэх хүртэл би энэ хэрэг дээр ажиллана.” гэв.
М.Дайриймаа
Гэрэл зургийг Т.Чимгээ